skip to Main Content
11-324738 info@takhico.mn

Оёдлын төв үйлдвэрээс төрсөн анхны хөдөлмөрийн баатар

    Хөдөлмөрийн баатар Л.Дашням 1944 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. 1961 онд Улаанбаатар хотын Амгалангийн оёдлын артелийн оёдолчны 4 сарын курст сурч, 3 дугаар зэргийн оёдолчин болж ажил хөдөлмөрийн гаргаа эхэлж, 1961-1972 онд Амгалангийн оёдлын артельд оёдолчин, 1972-1980 онд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Гэр ахуйн эдлэлийн оёдлын үйлдвэрт оёдолчин, 1980-1992 онд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Оёдлын төв үйлдвэрт оёдолчин, дараа нь эсгүүрийн цехэд ажиллаж байгаад 1992 оноос өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож, гавъяаныхаа амралтыг эдэлж байна. Л.Дашням оёдлолчноор ажиллаж эхэлсэн үеээс эхлэн даалгаж хариуцуулсан ажил, сар бүрийн төлөвлөгөө нормоо тогтмол биелүүлж, ажлын цаг минутыг нарийн баримталж, оёж байгаа бүтээгдэхүүнээ чанарын гологдолгүй хийж, үйлдвэрийн тэргүүний ажилчны эгнээнд хүрсэн маань багш Долгоржав, Цэрэндулам нарын маань ач гавъяа гэж байнга дурсан ярьдаг билээ. 1980 оноос Оёдлын төв үйлдвэрийн Рэнцэнханд даргатай оёдлын цехийн 7 дугаар тасагт шилжин ирж, олон жил оёдолчноор ажиллаж байгаад дараа нь 1990-ээд оноос Баасанжав даргатай эсгүүрийн цехэд ажил сайжруулахад туслах даалгавартай томилогдон ажиллаж байв. Л.Дашнямын ажлын амжилт нь түүний мэргэжлийн ур чадвар, санаачлага, хичээл, зүтгэл, ажлын арга барил нь ажлын байрны эмх цэгц, ажлын цагийн ашиглалт, зохион байгуулалт байв. Ажлын байран дээр оёх бүтээгдэхүүн, ажлын багажийг зөв байрлуулахаас эхлээд эзэмшиж байгаа машинаа эвдрэл сааталгүй байлгах нь амжилт гаргах үндэс болдог байв. Тэр оёж байгаа зүйлээ оёдлын машины нэг гишгэлтээр 40-50 см хүртэл урт оёж чаддаг ур чадвар, арга барил эзэмшсэн явдал байв. Л.Дашням III таван жилд 6 жил 5 сарын, IV таван жилд 10 жил 10 сарын, V таван жилд 14 жил 11 сарын, VI таван жилд 14 жил 6 сарын, VII таван жилд 13 жил 9 сарын, VIII таван жилд 12 жил 9 сарын ажил, оёдлын үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа 73 жилийн ажил хийсэн амжилт гаргажээ. Энэ амжилт бол түүний өөрийн нь өөрийн нь хатуужил, тэмцэл, зүтгэл, тэргүүний хүмүүсийн ажлын арга барил, туршлагаас суралцаж, тэд нартай уралдах социалист уралдааны үүрэг авч, биелүүлж ажилласны үр дүн болж байжээ. Тэр өөрийн залуу халаа болсон шинэ залуу ажилчдыг халамжлан сургахад ихээхэн хувь нэмэр оруулж, 300 гаруй залуучуудад мэргэжил, дадлага эзэмшүүлснээр түүний шавь нараас МХЗЭ-ийн Төв Хорооны ажилчин залуу алтан медальт Т.Сумъяа, Б.Баасанжав, М.Баярмаа, Н.Энхтуяа, Жавзан нарын аварга ажилчин, таван жилийн гавшгайчид олноор төрөн гарсны дотор түүний шавь оёдолчин Н.Дугуйцагаан Монгол улсын Хөдөлмөрийн баатарын алдар цолонд хүрсэн байна. Л.Дашням олон жилийн хөдөлмөрийн амжилтаараа тасаг, цех, үйлдвэр, нэгдэл, район, хот, яам, салбарын аварга гэсэн цолоор 40 гаруй удаа шалгарч, улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, МХЗЭ-ийн тэргүүний ажилчин залуу алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, яамны болон бусад олон шагналаар шагнагдаж байжээ. Тэр 1985 онд Монголын эмэгтэйчүүдийн V их хурлын үеээр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдар цол, Алтан соёмбо, Сүрбаатарын одонгоор шагнагдаж, оёдол (зөөлөн-ын үйлдвэрийн салбар, оёдлын үйлдвэрийн нэгдэл, оёдлын төв үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар болсон байна. Л.Дашням хөлдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллагыг төлөөлөн МАХН-ын XVII, XIX, Монголын үйлдвэрчний эвлэлийн XIII, Монголын эмэгтэйчүүдийн V их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын район, Улаанбаатар хотын Ардын депутатын хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон үйлдвэрийнхээ амжилт бүтээлийг илтгэж, хамт олны санаа бодлыг хүргэн ажиллаж байжээ. Л.Дашням “оёдолчин гэдэг мэргэжлээр ажилласан олон жилийн хөдөлмөр маань миний амьдрал, жаргалын алдар гавъяа, үйлдвэрийн хамт олон, удирдлага, нам, үйлдвэрчний байгууллагын сэтгэлийн дэмжлэг, яам, төр засгийн итгэл найдвар байлаа” гэж сэтгэлийн илэрхийллээ хэлж байлаа. Тэр нөр их хөдөлмөрлөж ажиллахын зэрэгцээ 8 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн алдарт эх билээ. Л.Дашням гуайн амьдралын 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээл манай орны оёдлын үйлдвэрлэл болон Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Оёдлын төв үйлдвэр, түүний залгамж Тахько компанийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд Оёдлын төв үйлдвэрээс төрсөн анхны Хөдөлмөрийн баатар юм.

Back To Top