skip to Main Content
11-324738 info@takhico.mn

Чи одоо хийж чадахгүй юм бол хэзээ чадах юм бэ

    Тахько (ХК) компанийн 20 жилийн ойг тохиолдуулан тус компанийн удирдлага болон хамт олонд баярын мэнд хүргэе. Тус компанийн ой нь түүний үндэслэгч байгууллага болох Оёдлын 6 дугаар артелийн 81 жил, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн 40 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Оёдлын үйлдвэрийн нэгдэл 20 нас хүрсэн жил буюу 1992 онд Тахько (ХК) компани байгуулагджээ. Тахько компанийн анхны Ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Р.Лутаа нь 1976 оны 5 дугаар сараас эхлэн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1984 оны 8 дугаар сараас тус нэгдлийн дарга, 1992 оноос Тахько компанийн Ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан, бидний хамтран зүтгэгч, анд сайн нөхөр минь байсан, эдүгээ түүний хүү Л. Буянбат Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, охин Л. Энхнасан Гүйцэтгэх захирлаар ажиллаж, ахмад үеийн биднийг хүндэтгэн, ойр дотно харилцаатай байдагт гүн талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Мөн Оёдлын үйлдвлэрийн нэгдэл болон тус компанд одоо хүртэл хүчин зүтгэж, манай нэгдпийн гал голомтыг сахиж, зах зээлийн шинэ нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж яваа эрхэм дүү нарынхаа цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Намайг тус нэгдлийн даргаар томилох асуудал 1975 оны дундуур яригдаж, судалж эхэлсэн үед би П.Дамдин сайдтай уулзаж, тийм том нэгдлийг удирдаж ажил сайжруулж чадахгүй, дээш нь асуудал оруулахын өмнө учир байдлаа хэлэх гэж ирлээ гэхэд дээрх үг (чи одоо чадахгүй юм бол хэзээ чадах юм бэ)-ийг хэлээд чи тэгээд тэтгэвэрт гарсан хойноо чадах юм уу, би 29 настайдаа Аж үйлдвэрийн Яамны сайдаар томилогдож байсан юм, хүн чадна гэж хэлдэггүй юм гээд гаргаж билээ. Түүнээс хойш Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтэс шат дараалсан судалгаа хийсээр Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн (тэр үед Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын албан тушаалд томилох хүнийг тухайн үеийн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр баталдаг байсан юм)-д оруулахын өмнө Намын Төв Хорооны Боловсон хүчний хэлтсийн орлогч эрхлэгч Лувсанцэрэн гуай, хэлтсийн эрхлэгч Б.Ламжав гуай нар уулзаж танилцаад эцэст нь ингэхэд орос хэл ямар билээ гэж асуухад нь 10 жилийн сургуулийн хэмжээнд гэхэд нүд нь том болоод явчихдаг байгаа. Аргагүй шүүдээ тэр үед чинь боловсон хүчнийг ажилд томилох гол шалгуур нь орос хэл байсан юм чинь. Орос хэл муутай маань хэрэг боллоо гэж бодоод баярлаж байсан чинь нэг өдөр нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд дуудаад баталчихдаг байгаа. Энд би юү хэлэх гээд байна вэ гэхээр П.Дамдин сайд гэдэг хүн ямар их хүчтэй хүн байсан юм бэ гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Би сайдынхаа надад хүлээлгэсэн өндөр итгэл найдварыг биелүүлж чадсандаа баяртай явдаг юм. Ийнхүү миний бие 1976 оны 1 дүгээр сараас 1984 оны 8 дугаар сар дуустал Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргаар 9 жил гаруй хугацаагаар ажилласан бөгөөд энэ хугацаанд нэгдүгээр орлогч, ерөнхий инженерээр Н. Даш-Өлзий, Р.Лутаа, эдийн засаг эрхэлсэн орлогч даргаар П. Хишиг, С. Хурцбилэг, материал хангамж борлуулалт эрхэлсэн орлогч даргаар Н.Даш-Өлзий, Ц.Наст, ерөнхий нягтлан бодогчоор Гомбодорж, А.Доржпалам нар, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргаар Үйлдвэр хоршооллын ахмад ажилтан Мөнтөөлэй гуай, Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрийн даргаар мөн үйлдвэр хоршооллын ахмад ажилтан Чойжил гуай нар, дараа нь Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргаар даргаар Чанцал, Цэнд-Аюуш, М.Бямбаа, Ч.Батбилэг, Сандийноров, Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрийн даргаар Буянтогтох нар ажиллаж байлаа. Нэгдлийн намын хорооны даргаар Ц.Энхтөр, Ц.Цэрэнтогтох нар, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргаар Сээсэр, ХЗЭ–ийн хорооны даргаар Жадамбаа, Оюунчимэг, Мария нар ажиллаж байлаа. Үйлдвэрүүд орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хороотой байсан бөгөөд сүүлд Хүүхдийн хувцасны үйлдвэр орон тооны намын үүртэй болж даргаар Ажигсүрэн ажиллаж байсан билээ. Миний ажиллах хугацааны турш Мягмаржав нарийн бичгийн дарга хийсэн ажиллаж байсан юм. 1972 онд Монголын үйлдвэр Хоршооллын 8 дугаар их хурал хуралдаж, энэ том байгууллагыг түүхэн үүргээ биелүүлсэн, хоршооллын өмч нь улсын өмчийн хэмжээнд хүрсэн гэж дүгнээд татан буулгасныг миний хувьд яах аргагүй алдаатай шийдвэр гэж үзэж байсан бөгөөд тухайн үед зүүн европын социалист орнуудад хоршооллын байгууллагууд хүчтэй хөгжиж, өөр хоорондоо холбоотой хамтран ажиллаж байсан билээ. Ийнхүү Оёдлын фабрик, Хүүхдийн хувцасны артель, Амгалан дахь Оёдлын артелийг Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яаманд шилжүүлж, мөн оны 8 дугаар сард Сайднарын Зөвлөлийн 158 дугаар тогтоол гарч, ХХҮЯ-нд үйлдвэрлэлийн 3 нэгдэл байгуулсны нэг нь Оёдлын үйлдвэрийн нэгдэл байсан бөгөөд толгойлох үйлдвэрийн зохион байгуулалттай байгуулагдсан энэ нэгдлийн толгойлох үйлдвэр болох Оёдлын төв үйлдвэрийг нэгдлийн захиргаа шууд удирдаж, хүүхэд насанд хүрэгсдийн бүх төрлийн хувцасны загварыг зохион бүтээх , эсгэсэн материалаар хангахын зэрэгцээ 3 үйлдвэрийн хүн хүч, материал, техникийн хангамж , бараа борлуулалт,тайлан баланс, үнэ стандартын бүхий л ажлыг хариуцан гадаад дотоод худалдаа, хангамж, үнэ стандартын байгууллагуудтай харилцдаг байв. Оёдлын үйлдвэрийн нэгдэл байгуулагдахад Оёдлын Фабрикийн дарга байсан Даваа нэгдлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, сургууль төгсч ирээд дадлага хийж байсан Н. Даш-Өлзий нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерээр томилогдсон байдаг юм. Төдий удалгүй нэгдлийн даргаар Бадам томилогдож 2 жил орчим ажиллаад халагдаж, би гуравдахь дарга, Р. Лутаа маань хоёрдахь нэгдүгээр орлогч, ерөнхий инженерээр ирж, Н.Даш-Өлзий материал хангамж, борлуулалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байтал дээд газрын шийдвэрээр Хоршоолол импекс нэгдлийн даргаар явж билээ. Ийнхүү Р.Лутаа бид хоёр 1976 -1984 онуудад Оёдлыг үйлдвэрийн нэгдэлд, 1999-2004 онд Оёмол Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо болон Тэмүүжин мэнч компанид хамт ажиллаж байлаа. Нэгдэл байгуулагдаад 3 жил гаруй болсон хэдий ч дотоод ажлын эмх цэгц муу, нэгдлийн захиргаа болон үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт төлөвшиж бэхжээгүй байсан нь нэг талаар удирдлагын удирдан зохион байгуулах ажлын арга барил ур чадвар дутмаг, удирдах болон инженер техникийн боловсон хүчин хүрэлцээгүй, нөгөө талаар хоршооллын байгууллаас социалист үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтанд шилжих шилжилт хэт удаан явагдсантай холбоотой байсан болов уу. Хамгийн гол нь энэ хугацаанд яамнаас тус нэгдлийн удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэх талаар авах арга хэмжээг алгуурлаж хугацаа алдсантай холбоотой гэж үзнэ. Яам энэ байдалд дүгнэлт хийж, 1976 оноос эхлэн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр тус нэгдэлд Р.Лутаа, С.Хурцбилэг, А. Доржпалам, Ч. Батбилэг нарыг томилж, улмаар ЗХУ, Унгар, Польш, Болгар зэрэг улсад дээд, дунд болон техник мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр хангаж эхэлсэн билээ. Миний бие юуны өмнө нэгдэл, үйлдвэрүүдийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, удирдах ИТА-ны ажил үүргийн хуваарийг боловсруулж батлан, тэдний ажлыг хагас бүтэн жилээр дүгнэх ажлыг тогмолжуулсны гадна, анхан шатны бүртгэл тооцоог шинэ шатанд гаргах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдсон олон чухал ажлыг удирдан зохион байгуулж, хамт олны ажлын хариуцлага, идэвх санаачлагыг өрнүүлж ажиллахын зэрэгцээ томилогдож ирсэн нөхөдтэй нэг баг бүрдүүлэн, гар санаа нийлэн ажиллах, сургууль төгсөж ирсэн залуу мэргэжилтнүүдийг ажил амьдралын замд зөв хөтлөн оруулж, түргэн бойжуулах, дэргэдэх нам олон нийтийн байгууллагуудтай ажлаа нягт уялдуулан явуулах хариуцлагатай үүрэг ногдсоныг гүнзгий ухамсарлан ажиллаж байлаа. Энэ үүргийг биелүүлэхийн төлөө өчүүхэн миний бие бүхий л мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байсан бөгөөд бидний хамтын нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн ажил 9 жил дараалан бүх үзүүлэлтээр дээшлэн сайжирч ирсний гадна сургууль төгсөж ирсэн залуу мэргэжилтнүүд маань ажил дээр өсөж хэлтэс тасгийн даргаас үйлдвэрийн дарга болон нэгдлийн орлогч дарга хүртэлх бүх албан тушаалд дэвшин ажиллаж байлаа. Тэдний заримаас нэр дурдах гэхээр орхигдсон зарим нь гомдох учир болихуудаа. Нэгдлийн хэмжээнд үлгэр Загварын ордон, Үйлдвэрийн хэлтэс, Ерөнхий механик энергитикийн “үйлийн” 3 хэлтэс байх. Тэдний ажилтай холбоотой асуудал, ажлын доголдол байнга гарах тул өглөө бүрийн шуурхай зөвлөлгөөн халуухан болдог байж билээ. Бид шөнийн ээлжинд нэгдлийн хариуцлагатай жижүүрийг байнга ажиллуулж, түүний мэдээллийг өглөө бүр сонсдог байсан нь ажилд гарсан доголдол саатлыг арилгахад чухал ач холбогдолтой байлаа. Ажлын шаардлагаар үйлдвэрлэлд урьдчилан бэлтгэгч технологич болон нормчлолын тасаг ажиллуулдаг болсон нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний үндсэн туслах материалыг орцын нормын дагуу иж бүрдүүлж оруулах үүрэгтэй байсан бөгөөд технологич Энэбиш, Лхамсүрэн Ганхүү нар хэл ам ихтэй энэ хүндхэн ажлыг хариуцдаг байсны дотор Ганхүү маань давхраатай алаг нүднээсээ асгартал уйлаад л орж ирдэгсэн. Цехийн дарга Рэнцэнханд, Должинсүрэн, Заяа нар төлөвлөгөө биелүүлэх, чанарын бригадын хөдөлгөөнийг өрнүүлэхийн зэрэгцээ зохиогдсон бүх ажилд хамт олноо сайн оролцуулдаг байв. Гэхдээ үндсэн туслах материалыг 100 хувь импортоор авч үйлдвэрлэл явуулдаг тус нэгдлийн ажилд тохиолдох зовлон бэрхшээл даанч их. Материал гэрээт хугацаандаа нийлүүлэгдэхгүй тасалдах, хувцасны өнгө, дотор,утас, товч иж бүрдэхгүй саатал гарах, материалын өнгө будаг алаг, хээ судал ташсан, утасны алдаатай зэрэг шалтгаанаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага хангахгүй тохиолдол олонтаа гарна. Энэ бүхний төлөө гадаад худалдаа, хангамжийн байгууллагуудаар явж хөөцөлдөнө. Гэмтэл согогтой материалын загварыг бэлтгэж П.Дамдин даргынхаа тусламжтайгаар засгийн газрын ордны 2 дугаар давхар болон Хүүхдийн хувцасны үйлдвэр дээр 2 удаа дэлгэн тавьж гадаад худалдаа, хангамж, үнэ стандартын байгууллагуудын сайд дарга нарт үзүүлж асуудал тавьснаар дээдсээс хэрүүлч, заргач нэр авч явсан боловч импортын бараа материалыг хангамж, дотоод худалдааны байгууллагын хүмүүстэй хамт явж сонгодог болсон нь нааштай үр дүнд хүрсэн бөгөөд материалыг Аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газар дээр задлан шалгасны дараа үйлдвэрт оруулдаг болсон. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний стандарт болон жижиглэн худалдах үнийг Үнэ стандартын улсын хороогоор батуулахад цаг хугацаа алдах явдал гарна. Тэр бүгдийн хойноос хөөцөлдөхөөс өөр аргагүй болно. Д.Бямбасүрэн дарга дээр мөн ч олон удаа орж орох бүрийдээ асуудлаа шийдүүлж, баярлаж явсан боловч доод хүмүүсийнх нь толгой дээгүүр харайдаг гэж ад үзэгдэж явав даа. Аж ахуйн гэрээний үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийн тул үйлдвэрлэх бүтээгдэхүүний загварыг ҮСУХ-ны дэргэдэх Урлал гоо зүйн улсын комиссоор аттестатжуулж чанарын ангийг тогтоолгон, жил бүрийн бөөний худалдааны яармагаар Бөөний худалдааны нэгдэл, Улсын их дэлгүүртэй гэрээлж, түүнийгээ улирал тутам тодотгон тохиролцсоны дараа үйлдвэрлэлд оруулдаг болсон. Хангамж худалдааны байгууллагуудтай жил бүр социалист уралдааны гэрээтэй ажиллах болсон нь нэр төрлийн төлөвлөгөө болон аж ахуйн гэрээний үүргийн биелэлтэнд зохих үр дүнгээ өгч байлаа. Өмч хөрөнгө бараа материалын бүртгэлийг шинэчлэн сайжруулж, 1983 оноос эхлэн үйлдвэрлэлийн нэгжид аж ахуйн дотоод тооцоо нэвтрүүлэхэд ерөнхий нягтлан бодогч Гомбодорж, А.Доржпалам нар ихээхэн зүтгэл чармайлт гаргасан билээ. 1977 оноос нэгдлийн хэмжээнд чанарын бригадын хөдөлгөөн өрнүүлж ажилласнаар 55 хамт олон, 1800 гаруй ажилчид хамрагдсаны дотор чанартан бригадын гэрчилгээ авсан 35 бригадад бүх ажилчдын 50 гаруй хувь хамрагдаж, улс салбарын чанарын аврага 15, Улаанбаатар хотын чанарын аврага бригад 3, улсын чанарын аврага бригад 1 төрсөн бөгөөд чанарын бригадын хөдөлгөөнийг өрнүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чанарын тасгийн дарга Хишигт маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд оёдолчин, чанар шалгагчаар олон жил ажилласан энэ хүн үнэнхүү зүтгэл чармайлт гарган үр бүтээлтэй ажиллаж байлаа. Нэгдлийн ерөнхий нягтлан бодогч байсан Гомбодорж бол 6 сарын дамжаагаар энэ мэргэжлийг эзэмшин, үйлдвэр хоршооллын системмд болон манай нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэрт анхан шатны бүртгэл, аж ахуйн дотоод тооцоо нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тэргүүний ажилтан байсан бөгөөд өвөл зунгүй сайхан хийцтэй монгол дээл өмсдөг байсан нь зарим хүмүүст таалагддаггүй байсан нь мэдээж. Би Гомбодоржийгоо гадаадад эмчилгээнд явуулах гэж хөөцөлдөөд даанч хүчин мөхөсдөж билээ. Бидний ажлын амжилтыг харуулсан тоо баримт эдүгээ болон ирээдүйд огт хэрэггүй байж болох боловч хамт олны маань нөр хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсны хувьд түүхэн баримт болж үлдэх энэ номд өөрт үлдсэн эрээвэр хураавар материалаас цөөн баримт дурдсу. Өмнөх онуудад үйлдвэрлэгдсэн 8 сая төгрөгийн үнэ бүхий гологдол бүтээгдэхүүнийг засах болон үнэ бууруулж агентаар борлуулах ажлыг 2 жил гауй хугацаанд хийж дуусгав. Хүүхдийн хувцасны үйлдвэрийн өргөтгөлийг 1976 онд хийж дуусган, Оёдлын төв үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 1982 оны 7 дугаар сард дуусгаж, 1983-85 онд өргөтгөх асуудлыг Монгол-Унгарын Засгийн Газар хоорондын комисст боловсруулж оруулан шийдвэрлүүлж, 7 дугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгуулж хэрэгжүүлсэн. 1979 онд Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрт жилдээ 100 мянган ширхэг өвлийн малгай үйлдвэрлэх хүчин чадалтай цехийг өөрийн хүч хөрөнгөөр байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд тус цехийн даргаар залуу мастер Чимэдлхам маш сайн ажиллаж байсныг санаж байна. Улсын тэргүүний мастер Намжилсүрэнд ажил сайжруулах үүрэг өгч, цехээс цехэд, үйлдвэрээс үйлдвэрт томилон ажиллуулах бүр өгсөн үүрэг даалгаврыг үнэнхүү сайн биелүүлж байж билээ. Тэрвээр сүүлд Унгарт монгол ажилчидтайгаа нэлээд хугацаанд ажиллаж байсан билээ. Технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тууштай явуулж 1978-79 онд 328, 1980-81 онд 235, 1982-83 онд 219, бүгд 782 машин тоног төхөөрөмжийг өөрийн хүч хөрөнгөөр худалдан авч ашигласан байх юм. 1979 оноос эхлэн Оёдлйн төв үйлдвэрт төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засварын системийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн их засварыг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацааг 18 хоногоор нэмэгдүүлж билээ. Дараа нь нөгөө хоёр үйлдвэрт мөн нэвтрүүлсэн юмдаг. 1977 оноос төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ системм нэвтрүүлж,1 978 оноос цалингийн фондыг нормативын аргаар төлөвлөх болж, 1982 оноос үйлдвэрлэлийн нэгжид аж ахуйн дотоод тооцоо нэвтрүүлэн ажилласан, 1983 оноос хөдөлмөр зохион байгуулалт, хөлс төлөлтийн бригадын хөдөлгөөнийг өрнүүлж ажилласан зэрэг нь зохих үр дүнгээ өгсөн байж болох ч тэргүүн туршлага нэвтрүүлж байгаа нь энэ гэж манийгаа туршилтын туулай болгож байсны зэрэгцээ нэр алдар хөөцөлдсөн зарим нөхөд тийм ч үзүүлэх сургууль, ийм ч туршлага үзүүлэх гэж биднийгээ чирэгдүүлдэг байв даа. Тэр байтугай Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга “Залуус” даавуу хийснээ авгайд (Анастасия Ивановна) сайрхан аваачиж үзүүлснээс болж сургуулийн форм хийх асуудал өрнөж намайг байтугай нам засгийг 1 жил орчим зовоож билээ. Заа болих минь нөгөө л шүүмжлэл рүүгээ орчихлоо. П.Дамдин сайд манай ажлын ололт амжилтыг үнэлж, намайг урамшуулан дотоод холбооны утас, иж бүрэн цахилгаан хөгжмийн зэмсэг (олж) өгсөн нь тухайн үедээ ямар том шагнал эрхэм чухал зүйл байсныг манай тэр үеийн залуус мэдэх бөгөөд дорхноо л ажлын чөлөө цагаар эзэмшиж сураад Оёдлын үйлдвэрийн нэгдлийн цахилгаан хөгжмийн хамтлаг үүсч билээ. Дотуур холбооны утасны холболтыг техникч Алтанцэцэг удирдаж хийсэн байх, надад хамгийн хэрэгтэй, орчин үеийн холбооны хэрэгслээр орлогч дарга нар болон бүх хэлтсүүдтэй өрөөнөөсөө харилцана. Хожим дуулахад “дүлий хар”-ыг авахаас олон хүн айдаг байсан юм гэнэлээ. Алтаа маань нэгдэл болон Тахько компанид холбооны техникчээр ганцаараа хамгийн олон жил ажилласан хүн билээ. Материалыг үлдэгдэлгүй эсгэх тооцооны арга болон наалтын технологи нэвтрүүлэх, цоолбор үлгэр ашиглах, бага механикжуулалт нэврүүлснээр материалыг хэмнэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд үр дүнгээ өгч байсныг 18 бүтээгдэхүүнд 705 ширхэг цоолбор үлгэр хэрэглэснээр хөдөлмөрийн бүтээмжийг 10,5 хувиар дээшлүүлж, 8100 хүн цагийн хөдөлмөр хэмнэснээр жишээлж болно. Чанарын 1 дүгээр ангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1978 онд 95,5 хувь байсан бол жил дараалан нэмэгдсээр 1981 онд 99 хувь болж, товарын бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь 1980 онд 20 хувь, 1981 онд 27,2 хувь,1983 онд 1981 оныхоос 71 хувиар өсч 49,7 хувийг эзлэх болов. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсний шагналд улсаас жил бүр 1 сая гаруй төгрөгийн шагнал авч, ажилчид, удирдах инженер техникийн ажилтан нарыг шагнаж урамшуулж байв. 1982 онд явагдсан бүтээгдэхүүний чанарын улсын аттестатчилалд орсон бүтээгдэхүүний 57,7 хувь нь чанарын 1 дүгээр ангийн болзол хангасан бөгөөд тэдгээрийг 1983 онд үйлдвэрлэж худалдаанд нийлүүлж байлаа. Мэргэжлийн загвар зохион бүтээгчдээр бэхжүүлэх, бүтээгдэхүүний загвар зохион бүтээлтийн чанарыг сайжруулахтай холбогдсон олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд үлгэрийн алдаанаас болж үйлдвэрлэлд гарах саатал, доголдол эрс багасч, шинээр зохион бүтээсэн загварын тоо 1984 онд 1980 оныхоос 75,4 хувь, худалдаатай гэрээлж нийлүүлсэн загварын тоо 62 хувиар тус тус өсч, нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг шинэ ба шинэчилсэн загвараар үйлдвэрлэж байв. Үлгэр загварын ордон нь манай нэгдлийн уураг тархи болохын хувьд ямар их үүрэг хариуцлага хүлээж байсан нь тодорхой бөгөөд залуу мэргэжилтнүүд маань уйлах инээх хослуулсаар, аагтай кофегоо амталж, шар сүүлтэй янжуураа татсан шиг, ажил дээрээ өсөн бойжиж байлаа. Энд ахмад зохион бүтээгч Жүгдэржав гуай, Долгорцогной гуай, Пагамсүрэн нар ажиллаж байсны гадна Дунгаамаа, Ишдорж, Бямбасүрэн, Сандийноров, Батдэлгэр, Алимаа, Оюунчимэг, Баярхүү, Баянтуул, Цэрэнпагам, Наранбат, Солонго, Г.Дулмаа, Д.Гаажаахүү, Ж.Оюунцэцэг нарын зэрэг олон залуус хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Үлгэр загварын ордныхон маань хувцасны загвар өмсч үзүүлэх талаар улсдаа анхдагч байсан гэж би боддог юм. Анх Хөнгөн үйлдвэрийн ажилтны өдрөөр загвар өмсч үзүүлэх үүрэг өгөгдөж, бид бөөн юм болж тэр үүргийг гайгүйхэн давж гарснаас хойш бөөний худалдааны яармаг болон бусад арга хэмжээнд бүх насны хүүхэд, том хүний хувцасны загвар өмсөж үзүүлэх бөгөөд загварын оёдолчин Дашцэнд мөн ч хийморьлог жавхаатай харагддагсан. Зохион бүтээгч Цэрэнпагма, мастер Долгор нар ч сайхан моделлёрууд байлаа. Хүүхдийн хувцсыг мөн л манайхны хүүхдүүд өмснө. Тэд маань дуртай ч гэж жигтэйхэн. Манай нэгдэл спорт урлагийн болон салбар, хотын хэмжээнд зохион байгуулагдсан ажилд идэвхтэй оролцож, тогтвортой амжилт гаргаж байлаа. Юуны өмнө ажил мэргэжлийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн гимнастикийн хөдөлгөөнийг мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар бий болгож, хэвшүүлснээр барахгүй, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Соёлын төв ордонтой хамтран Оёдлын үйлдвэрийн нэгдлийн нэрэмжит үйлдвэрлэлийн гимнастикийн аврага баг, байгууллага шалгаруулах уралдаант үзлэгийг 5 жил дараалан зохион байгуулж байлаа. Хөнгөн хүнсний үйлдвэрийн салбар болон нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг нийтийн биеийн тамир спортын өдөрлөг, дууны баяр, үйлдвэрлэлийн гимнастикийн үзүүлэх тоглолтонд манай нэгдэл маш амжилттай оролцож байсан бөгөөд биеийн тамирын арга зүйч А.Гунгаа гуай маш сайн ажиллаж байлаа. Өөр нэг онцлог зүйл бол Оёдлын төв үйлдвэрийн 10 тасаг урлагийн алдар цолтой хүмүүсийг хүндэт ажилчнаараа бүртгэн авч, тэдний ажлыг хамт олноороо хийж, байнгын ойр дотно харилцаатай ажиллаж байсны дотор Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, Г.Гомбосүрэн гуай, Дашдулам гуай нарын зэрэг олон хүн байв. 1980 онд Хөнгөн хүнсний салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой, Москва-80 олимп угтсан өндөр бүтээлийн болон бусад ажилд манай хамт олон амжилттай оролцсоны дотор ардын жүжигчин Гомбосүрэн гуайн удирдан найруулсан манай нэгдлийн концерт урлагийн үзлэгт шалгарч алтан медаль хүртэж, Оёдлын төв үйлдвэрийн цехийн дарга Рэнцэнханд, улсын чанарын аврага Л.Алтанцэцэг бид гурав Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зардлаар олимп үзэх эрхийн бичгээр шагнагдсан юм. Салбарын 50 жилийн ойгоор хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан олон тэргүүний сайчуудыг төрийн дээд шагналд тодорхойлсны дотор нэгдлийн хөдөлмөрийн 5 удаагийн аврага, Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрийн оёдолчин Л.Дашнямд хөдөлмөрийн баатар цол олгуулахаар тодорхойлсон боловч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон дээр бууж, 30 гаруй хүн одон медаль хүртэж билээ. Оёдлын төв үйлдвэрийн мастер Төмөр нас барсныг дээш мэдээлэх ёстой байсан боловч өрөвдөж харамсахдаа үр хүүхдэд нь үлдэг гэж бодоод дээш нь хэлээгүй учир түүнд хөдөлмөрийн хүндэт медаль гарч, би хариуцлага алдсан учир донгодуулж өнгөрсөн билээ. Л.Дашнямын хөдөлмөрийн тогтвортой амжилтыг зүй ёсоор үнэлүүлэхийн тул монгол дээл, цэрэг хөвөнтэй өмд цамц, гэрийн цагаан бүрээс үйлдвэрлэдэг Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрээс европ хувцас үйлдвэрлэдэг, орчин үеийн тэргүүний техник технологитой Оёдлын төв үйлдвэрт ажиллуулах нь зөв гэж үзэж үйлдвэрийн дарга Буянтогтох, намын үүрийн дарга Янжив нарт хэлэхэд манайхаас яагаад баатар төрж болдоггүй юм бэ гэж дургүйцэхэд нь учир явдлыг тайлбарлан ойлгуулж, Оёдлын төв үйлдвэрт шилжүүлэн ажиллуулснаар Дашням маань 1986 онд хөдөлмөрийн баатрын эрхэм цол хүртэж, дараа нь Дугуйцагаан Хөдөлмөрийн баатар, Л.Даваа, Н.Даш-Өлзий нар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж билээ. 1960-1980 оны үе бол тэр үеийн хэллэгээр социализмын өрнүүн байгуулалтын үе байсан бөгөөд БНМАУ нь хөдөө аж ахуй,аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болсныг тунхаглан баталгаажуулсан бөгөөд Ардын Их Хурлын депутат, МАХН, МҮЭ, МХЗЭ-ийн их хурлын төлөөлөгчдөөр ажил үйлсээрээ шалгарсан нэр хүндтэй тэргүүний сайчуудаа сонгон явуулдаг байсан юм. Миний ажиллах хугацаанд оёдолчин Н.Даш, Л.Дашням, Норжинлхам, мастер Цэрэндумаа нар АИХ-ын депутат, загвар зохион бүтээгч Пагамсүрэн, намын хорооны дарга Цэрэнтогтох нар намын 18,19 дүгээр их хурлын, оёдолчин Л.Алтанцэцэг,мастер Д.Баасанжав,хэлтсийн дарга Г.Дулмаа оёдолчин Д.Дагвасүрэн, Я.Саймаа нар МҮЭ-ийн 12 дугаар их хуралд, оёдолчин Ш.Булгамаа, Дугуйцагаан, Тунгалаг нар МХЗЭ-ийн 18 дугаар их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдон оролцож байлаа. Жил бүр бүх нийтийг хамарсан ленинч коммунист субботник, бүхнийг хүүхдийн төлөө болон залуучуудын хөдөлмөр алдар тэмдэглэх өдрийн ажлыг үзэл суртал зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулж үр дүнг орон даяар сурталчилна. Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө гэж энэ. Яагаад вэ гэхээр МАХН бол Монголын нийгмийг удирдан зохион байгуулагч манлай хүчин мөн гээд үндсэн хуулиндаа тунхаглан заачихсан юм чинь. Манайх 38, 70 дугаар цэцэрлэг, 50, 2, 17, 12, 24, 76 дугаар сургууль, Дорноговь аймгийн Хатанбулаг сум нэгдэлтэй олон жил шефийн холбоотой ажиллаж тэдний материалаг баазыг бэхжүүлэхэд туслан, оёдлын тасаг байгуулж өгч байсан бөгөөд тэр үед “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай байсан. Хүүхдийн фонд гэдэг том эрх мэдэлтэй байгууллага ид хүчээ авч, тэдний хөрөнгөөр олон цэцэрлэг, ясли,эмнэлэг, “Найрамдал” “Нарс” зуслангууд байгуулагдаж тэр бүгдийн орны цагаан хэрэглэл, хувцас, улаан бүч зэргийг бид төлөвлөгөөт даалгаврын гадуур хийж гүйцэтгэдэг байлаа. Манай ажилчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд төрөхийн өмнө болон төрсний дараа 90 хоног цалинтай чөлөө, дараа нь хүүхэд харах хүнгүй учир цалингүй чөлөө аваад алга болно. Байнга 200-300 хүн дутуу ажиллаж улсын төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээнэ. Ажилдаа ирж чадахгүй хүмүүсийг гэрээр нь ажиллуулахын тул гэрт нь оёдлын машин тавьж өгч, эсгэсэн барааг хүргэн өгч, хийсэн ажлыг нь шалган хүлээн авч цалинг бодож олгох зэрэгт багагүй зардал чирэгдэл гарна. Хүүхдийн хувцасны үйлдвэрт хүүхэд саатуулах өрөө гарган битүү хивс дэвсэж дээр нь цагаан даавуу тавьж, асрагч ажиллуулж үзсэн ч эрүүл ахуйд таарахгүй гээд хаалгаж байсны гадна ажилчдад 50 хувийн хөнгөлөлттэй хоолны газрыг 2 ээлжинд ажиллуулж байлаа. Аж ахуйн дарга Цэдэндорж гуай гэж хөөрхөн өвгөн 3 үйлдвэрийн хоолны газрыг материалаар хангах гэж хурдална. Заа ингэсгээд зарим цөөхөн хүний тухай хэдэн үг хэлхэх үүдээ. Р.Лутаа маань нэгдлийн нэгдүгээр орлогч ерөнхий инженерээс Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахько компанийн дарга, захирлаар 40 гаруй жил ажиллажээ. Тэрвээр үг дуу цөөтэй, ууралж уцаарлахыг умартсан мэт тэсвэр тэвчээртэй нэгэн байв. Үзэг, калькулятор, асаагуур зэрэг нь цагтаа толгой цохино. Сүүлд Алтан гадас одон шагнуулахад нь шил юмтай очиж баяр хүргэж байлаа. Мань хүн бол манай салбараас тодорсон гайгүй загасчдын нэг байсныг мэдэх юм. Н.Даш-Өлзий бол сургууль төгсч ирээд цөөн хоног дадлага хийх хугацаандаа Энхтайван багшийнхаа тамхинд гүйж байснаас өөрөөр жижгэрч яваагүй нэгэн. Хоршоолол импекс компанид ажиллаж байхдаа үйлдвэрт тэнцэхгүй тарз арьс, шаралсан ноосыг гадаад зах зээлд борлуулж чадсан нь олон хүний дургүйг хүргэн матагдаж намаас хөөгдөн мөрдөнд сууснаар хамаг гай барцад нь арилж, сайн сайхан зам нь шулуудсан хүн. Даш-Өлзийд уг нь худалдааны гавьяат ажилтан цол илүү зохих байсан байж мэднэ. Манайхан Даш-Өлзий даргатай бол явган явна гэж байхгүй арга ядахад трактор олдно гэсэн яриа байдаг гэсэн, ортойдог шүү. Хишиг гэж эдийн засаг эрхэлсэн орлогч дарга, дандаа сайхан инээмсэглэж явдаг, бас алиа хошин үг яриатай нэгэн байв. Хүсэлтийнх нь дагуу Дамдин сайдын эзгүйд Худалдаа бэлтгэлийн яамны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулчихаад сүүлд коллегоор шийдсэн гэж хэлж байж билээ. С.Хурцбилэг маань надад эдийн засаг санхүүгийн ажлын нүд чих болж байсан. Тооцоо судалгаа сайтай, түүнийгээ үндэслээд авах арга хэмжээ, гарах гарцын санаа дэвшүүлнэ, тэр нь дандаа зөв байна. Харамсалтай нь мань хүн насаараа орлогч дарга хийсэн хүн. Гэхдээ Ю.Цэдэнбал даргатай гар барьсан гэж байгаа. Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн орлогч дарга байхдаа “Бам”-ын барилгачдад өгөх бэлгийн нэхий дээлийн загварыг авчирч Дамдин сайдтайгаа хамт Цэ даргад үзүүлсэн тухай сүүлд ярьж байхыг нь сонссоноо дурдъя. Ц.Наст гэж Плехановын УААА-н дээд сургууль төгссөн залуу хуваарилагдан ирснийг материал хангамж борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр томилон ажиллуулснаас энэ хүний нэгэн насны ажил амьдрал эхэлж мөн дууссан юм. Наст маань тус хэлтсийн дарга, нэгдлийн хангамж борлуулалт эрхэлсэн орлогч даргаар дэвшин үр бүтээлтэй ажиллаж, улмаар Тахько компанид ажиллсан. Орлогч маань 200 ширхэг тарваган малгай гарын үсгээр олгосон хэрэгт миний бие Улсын ардын хянан шалгах хорооны хурлаар орж арга хэмжээ авахуулж байв. Тэрвээр бэлэн цэцэн үг хэлж хүний инээд хүргэсэн сайхан хүн байсан юм. Ид залуу насандаа анхны ханиасаа хагацаж охинтойгоо үлдэж байж билээ. Наст маань өмч хувьчлалын үед нөхөдтэйгээ хамтран ажиллаж, компани удирдан сайн сайхан ажиллаж, амьдарч явсан билээ. Г.Дулмаа Болгарт сургууль төгсч 1975 оны намар манайд хуваарилагдан ирээд Үлгэр загварын ордонд орос мэргэжилтэн дагалдан 480 төгрөгийн цалинтай жил шахам болсныг нөхөр Довдонпүрэв нь надад хэлсэн гэж 30 гаруй жилийн дараа хуучилж билээ. Дулмаа удалгүй үйлдвэрийн хэлтсийн дарга, 1984 оны намраас нэгдлийн нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженер, залгаад Тахько компанид ажилласан билээ. Дулмааг 2 жил дараалан ээлжийн амралт дээр нь 14 хоногийн цалинтай чөлөө өгч гадаадад амраасан гэдэг матаас Яаманд хүрсэн боловч би буруутаагүй бөгөөд хоёр залуу маань хөөрхөн охинтой болж билээ. Ч.Батбилэг ажил амьдралаа Үйлдвэр хоршооллын байгууллагаас эхэлсэн юм билээ. Тэрвээр миний үед манай нэгдлийн төлөвлөгөөний хэлтсийн дарга, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргаар ажилласан юм. Яаманд хэсэг хугацаанд ажиллаад буцаж ирж нэгдэл болон Тахько компанид олон жил ажилласан энэ хүн. Оёдлын үйлдвэрийн нэгдэлд элэгтэй юм уу оёдолчин хүүхнүүдэд хайртай юм уу бүүмэд. Одоо ч гэсэн ахмадын настны зөвлөлийн дарга хийсээр. Батбилэгийг уур уцаартай байхыг би эдүгээ хүртэл хараагүй, харин хошин шог ярьж, хүд хүд инээж байхыг нь олонтаа харж явна даа. М.Сандийноров мөн л сургууль төгсч ирээд Үлгэр загварын ордноос ажил амьдралаа эхэлсэн бөгөөд намблаг, дөлгөөн ааль хөдөлгөөнтэй тайван талдаа хүн. Ямарч ажлыг аваад явчихмаар санагдаж, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргаар тавих асуудал ярихад, би одоогоор жирэмсний хордлоготой байгаа, хүүхдээ гаргачихаад очиж болох уу гэснээр хоёул ойлголцож билээ. Дараа нь очиж өмч хувьчилал хүртэл олон жил ажилласан бөгөөд хувийн үйлдвэр байгуулж амжилттай ажиллаж байлаа. М.Бямбаа хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн даргаар олон жил ажилласан, зүтгэл чармайлт, бүтээл сайтай, аливаа ажилд идэвхтэй оролцдог байлаа. Тэрвээр Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны тэргүүлэгчийн хувьд хорооны ажлын хэдэн хувийг нугалдаг байсан юм болдоо хөөрхий. Тахько компанид түүний хийгээгүй ажил байхгүй байх аа. Дашзэгвэ гуай Оёдлын төв үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, сургалтын инженер, мастераар ажиллаж байсан бөгөөд ер нь бол их хөгжилтэй, хүнд ойрхон хүн билээ. Цехийн дарга Рэнцэнханд гэж бөөн найдвар, эдний цех төлөвлөгөө тасалж байсныг би санахгүй юм. Мастерууд нь ч гэж мастерууд байсан, алий нь гэж нэрлэх вэ. Нөгөө цехийн дарга Должинсүрэн гуай яанаа даргаа манайх аягүй муу байна аа гэнэ. Заяа дарга бол ер нь зовлон тоочоод шалтаг ирээд байхгүй ээ. Шуурхайд орохын өмнө Должинсүрэн гуай, Энхтайван хоёр машин эвдэрснээс болж ажил саатсаныг ярихгүй гэж тохиролцсоноо Должинсүрэн гуай ам нь халаад ярьчихснаас болж маргаан болсон тухай би сүүлд сонсож билээ. Энэ мэт аль хөгийг ярьж барах вэ. Ерөнхий механик энергитикийн хэлтсийн ажилтай холбоотой дутагдал доголдол тасрахгүй гарах тул Долгор дарга нь мөн ч их зэмлүүлдэгсэн, Дараа нь Лхамрагчаа. Ерөнхий ба орлогч нягтлан бодогч А.Доржпалам, Долгорсүрэн нар бол хамгийн их суудаг, өдөр тутмын хэл ам багатай, сайн ажиллаж байлаа. Долгорсүрэн Тэмүүжин менч компанид бараг эхнээс нь эцсий нь хүртэл нягтлан бодогчоор ажиллаж, хүчин зүтгэсэн билээ. Шуурхай мэдээ хариуцсан эдийн засагч Наташа, үнийн эдийн засагч Балдандорж нар ч олигтой үг багахан сонсож байсан даа хөөрхий. Бэлэн барааны нярав Бадарч гэж шавьрай биетэй шар хүн надад нэг ноцтой асуудал тавьсныг мартдаггүй юм. Нэг өдөр агуулахаар явж байсан чинь даргаа та яасан хачин хүн бэ. Манай Мөнтөөлэй дарга товч ярлык хадаагүй болохоос биш бэлэн болсон бүтээгдэхүүн чи ав гэдэг байсан. Та болохоор дуусаагүй үйлдвэрлэлийг гүйцэтгэлд орууллаа гээд цалин хасаж, арга хэмжээ аваад байх юм гэж билээ. Бадарчийн мастеруудаас ажил авахдаа очирлуулчихсан, ташаа сүвээгий нь илж таалсан шиг байсныг залуу мастерууд хожим ярьж инээдэм болж байж билээ. Намайг энд ажиллах хугацааны турш нарийн бичгийн даргаар ажилласан Мягмаржав маань бүр Оёдлын 6 дугаар артелийн дарга Дашдоржоос эхлээд Тахько компанийн ерөнхий захирал Р.Лутааг хүртэл 5 даргын нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажилласан ахмад ажилтан болохыг өндөр даргад сонордуулмаар санагдав. Тамгын албаны дарга Ц.Доржготов бол Тахько компанийг байгуулагдах үеэс нь одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Р.Лутаатай хамгийн ойр дотно ажиллаж, ажлынх нь үнэнч туслагч байж, түүний ажил үйлсэд хувь нэмэр оруулсан хүн. Эелдэг даруухан энэ хүн ахмад бидэндээ хүндэтгэлтэй хандаж ирсэнд баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. 40 эргэм насандаа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хамт олонтой ажил, амьдралынхаа арав орчим жилийг өнгөрүүлэн, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явснаа өтөл насандаа дурсахад ийм буюу.

Back To Top