• |
Миний ажил амьдрал “оёдлынхон” гэх сайхан хамт олонтой салшгүй холбоотой билээ

Би 1961-1971 онд нийслэлийн арван жилийн 14 дүгээр дунд сургуульд, 1971-1977 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Ташкент хотын Хөнгөн ба нэхмэлийн үйлдвэрийн дээд сургуульд суралцаж, оёдлын инженер технологич мэргэжлээр төгсч ирээд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хэлтэст оёдлын үйлдвэрлэл хариуцсан инженерээр ажиллах ажлын анхны томилолт авч ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Жирийн ажилчны гэр бүлд өссөн би айлын ууган охины хувьд оюутан байх хугацаандаа аав, ээждээ туслах шаардлагатай байсан тул 1973 оноос эхлэн зуны амралтаараа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Оёдлын төв үйлдвэрийн цех, тасгуудад туслах ажилчнаар ажилладаг байлаа. Үүнээс хойш 40 жил өнгөрчээ, харвасан сум шиг хурдан юмаа. Оюутныхаа зуны амралтаар болон дипломын дадлагын ажлаа Оёдлын төв үйлдвэрт хийж байхад сэтгэлд хоногшиж үлдсэн олон сайхан дурсамж байдаг юм. Нэг удаа цайны цагаараа үйлдвэрийнхээ цех дотуураа гүйж явтал оёдлын тасгийн 2 ахмад ажилчин намайг харж байснаа урт шугамаар цохиж хөөрөлдөн баясч “... биднийг залууд багш нар маань ингэж цохидог байлаа...” гээд их баяр хөөртөй хэлж байсан нь санаанаас гардаггүй, тэр сайхан алтан үеийн ахмадуудын хүчинд их амьдралын замын турш хүн болж хүмүүжиж ирсэндээ одоо хүртэл бахархан бодож, сурган хүмүүжүүлж хайрлуулах, хайрлах сайхан ахмад үе, ажилчин хамт олны дунд төлөвшиж, хүнтэй ажиллах харьцах эрдмийг сурч боловсорсон билээ. Зуны амралтаараа ирж ажиллахад засварчин Энхтайван, цамцны тасгийн оёдолчин байсан (үйлдвэр диспетчерийн хэлтсийн технологич инженер) дараа нь Герман улсад сургууль төгсч ирсэн Лхамсүрэн, Амгалангийн гэр ахуйн эдлэлийн үйлдвэрийн оёдолчид болсон арван жилийн 14 дүгээр сургуульд цуг сурч байсан охидууд маань ажиллаж байлаа. Мастер, оёдолчид, засварчин техникч нартай илүү ойр дотно байж, цай хоол, хуушуураа хувааж идэж, тэр үеийн мастерууд гэдэг амьдралын агуу их туршлагатай багш нартай болж байлаа. Би дээд сургуулийн дипломын өмнөх үйлдвэрлэлийн дадлагын ажлаа “Монголын оёдлын төв үйлдвэрийн техникийн шинэчлэлт”, дипломын ажлаа “Монголын оёдлын төв үйлдвэрийн өргөтгөл“ сэдвээр тус тус бичиж хамгаалсан, миний үйлдвэрлэлийн дадлага болон дипломын ажлын удирдагчаар тэр үеийн ХХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хэлтэст оёдлын үйлдвэрлэл хариуцсан инженерээр ажиллаж байсан Р.Лутаа дарга байсан билээ. Намайг дээд сургуулиа төгсч ирэхэд Р.Лутаа дарга Оёдлын үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд ерөнхий инженерээр томилогдон ажиллах болсон байв. Хэдийгээр би дадлага хийсэн үйлдвэртээ ажиллаагүй ч Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хэлтэст оёдлын үйлдвэрлэл хариуцсан инженерээр (1977-1984 он хүртэл) ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үеэс Оёдлын үйлдвэрийн нэгдэл, түүний харъяа оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, ололт амжилт, дутагдал бэрхшээл бүхэн миний өдөр тутмын ажлын салшгүй нэг хэсэг байв. Тэр үед Оёдлын үйлдвэрийн нэгдэл, түүний харъяа үйлдвэрүүд олон зуун ажилсаг хөдөлмөрийн хамт олон, ажлын дадлага, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн, ажил нь жигдэрсэн, хүн амыг өргөн хэрэглээний хувцас, бүтээгдэхүүнээр хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажилладаг, манай орны оёдлын үйлдвэрлэлийн салбарын цөм болсон байгууллага байсан юм. Би 1984 оноос Оёдлын үйлдвэрийн нэгдлийн чанарын асуудал эрхэлсэн орлогч даргаар, 1986 оноос Үлгэр загварын ордоны даргын ажлыг хавсран гүйцэтгэж, ажиллаж байв. Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахько компанид ажиллах хугацаанд оёдлын үйлдвэрлэлийн нэрээр алдаршсан нэгдлийн дарга Л.Балжинням, нэгдлийн нэгдүгээр орлогч ерөнхий инженер, дараа нь нэгдлийн дарга, Тахько компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Р.Лутаа, нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Г.Дулмаа, орлогч дарга С.Хурцбилэг, Ц.Наст, Ч.Батбилэг, Намын хорооны дарга Цэрэнтогтох, Ц.Дэнсмаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Сээсэр, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн дарга Цэнд-Аюуш, М.Сандийноров нар болон Чанарын удирдлагын хэлтэс, Үлгэр загварын ордны чадварлаг хамт олонтой олон жил ажиллаж байлаа. “Үлгэр загварын ордон” нь оёдлын үйлдвэрийн тархи, цохилох зүрх гэдэг байсан талаар тодорхойлж бичмээр санагдлаа. Миний энэ хамт олонтой ажиллах хугацаанд гадаадын мэргэжилтнүүд ажиллахгүй болсон үе байсан юм. Хувцасны загвар хийц, өнгө үзэмж, таарамж тохироо зэрэг нь хүний сэтгэл ханамж, гоо сайхан, ёс зүй улмаар улс орны хөгжлийн нүүр царай болдог шүү дээ. Энэ бүхнийг тодорхойлж гаргах нь маш нарийн мэргэжлийн зураач дизайнер, загвар зохион бүтээгч, инженер технологич, оёдолчдын өндөр ур чадвар, мэргэжлийн мэдрэмж, авьяас, хүч хөдөлмөр, оюун ухаан хамтын бүтээл бөгөөд “багаар ажиллах” гэдэг чинь жинхэнэ ёсоороо тэр үед хэрэгжиж байсан юм. Хувцасны шинэ ба шинэчилсэн загвар зохион бүтээж, түүнийг үйлдвэрлэлд бэлтгэж оруулахад манай ордоны хамт олны нөр их ажил өрнөдөг байлаа. Турхайлбал бидний ажил эх загвар (sample) бэлтгэх үйл явцаас эхэлдэг байв. Улсаас өгсөн төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүний загварын тоо, нэг загвараар үйлдвэрлэх хэмжээг нэр төрөл бүрээр тодорхойлж, жилийн төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдэх материалын техникийн баримт бичигтэй танилцаж тухайн жилийн хувцасны загвар хийц, өнгөний чиглэлтэй тохируулж, хүүхэд, насанд хүрэгчдийн өвөл, зуны улирлын бүх нэр төрлийн хувцасны зураг эскизийг гаргаж, тэдгээрийг худалдааны байгууллагатай тохиролцох бэлтгэл ажлыг зураач дизайнер Г.Саранчимэг, Н.Соёлмаа, Д.Ариунбуян, Байгальмаа, Д.Бумхүү, Ариунаа, Дисан нар бусад инженер техникийн ажилтан нарын хамт гүйцэтгэж амжуулдаг байлаа. Тэд нарын гаргасан хувцасны загварын зураг эскизүүдийг нэгдлийн шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж, цаашид загвар зохион бүтээх ажилд шилжүүлэх зөвшөөрөл олгогдоно. Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцэгдэж зөвшөөрөгдсөн хувцасны загварын зураг эскизийн дагуу зохион бүтээх ажил хийгдэнэ. Загвар зохион бүтээгчдийн ажлын чанарыг сайжруулах үүднээс хүүхдийн болон насанд хүрэгчдийн хувцасны загвар зохион бүтээгч нар гэж тэдний ажлыг нэр төрлөөр нь төрөлжүүлэх, ачааллыг тэнцүүлэх, дадлага туршлагатай зохион бүтээгчдэд залуу зохион бүтээгчдийг хуваарилан дадлагажуулах хэлбэрээр ажиллаж байлаа. Энэ үед үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч, улмаар нэг загварыг олон тоогоор үйлдвэрлэж байсан нь худалдааны байгууллагуудын агуулахад борлогдохгүй хуримтлагдах дутагдлыг арилгах нь худалдааны байгууллага, үйлдвэрлэлийн зорилт байсны дээр хүн ардын хэрэглээний соёл дээшилсэн, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн, үндэсний мэргэжлийн боловсон хүчний чадавх өссөнтөй зэрэгцэн их өөрчлөлт гарч байсан юм. Зөвшөөрөгдсөн хувцасны загвар эскизийг зохион бүтээх ажлыг зохион бүтээгч Долгорцогноо, Жүгдэржав, Шүрээхүү, Н.Пагамсүрэн, Ишдорж, Сарангэрэл, Солонго, Ө.Баянтуул, М.Сандийноров, Р.Пүрэв, Ч.Батдэлгэр, ДОюунчимэг, Ё.Баярхүү, Д.Алимаа, С.Уранцэцэг, М.Батзориг, В.Ганхуяг, Цэрэнпагам, Батжаргал, Мөнхбаатар, Дашгэрэл, Ц.Соёлмаа, Ё.Мэндбаяр, Ариунсанаа, Д.Батболд, Бодьцэцэг, Ц.Гэрэлмаа, Нямцэрэн, Орхон, Буниа, Мөнхбат, Наранбат, Ц.Одонцэцэг, Туяа нар гүйцэтгэдэг байлаа. Шинээр зохион бүтээсэн хувцасны загварыг эсгэх, оёх технологийн заавар баримт бичиг боловсруулах ажил хийгдэнэ. Энэ ажлыг технологич Цогтсайхан, Дугармаа нар боловсруулдаг байв. Дээрх технологийн заавар, баримт бичгийн дагуу эх загварыг эсгэх, оёх ажил хийгдэнэ. Загварыг эсгэх ажиллагаанд шаардлагатай тохиолдолд зураач, зохион бүтээгч, технологич, загварын оёдлын тасгийн мастерууд хамтран ажиглалт хийж оёх ажиллагааг ярилцаж эхлүүлнэ. Эх загварыг эсгэх ажлыг эсгүүрчин С.Оюун хийж, загварын оёдолчид мастерын удирдлага дор оёно. Загварын оёдлын мастераар Г.Ханд, Норжмаа, загварын оёдолчноор Базарсад, Дарьсүрэн, Н.Цэндсүрэн, Нурмаа, Тогоо, Уртнасан, Лхагвасүрэн, Б.Болормаа, Д.Гэрэлээ, М.Өлзийбаяр, Чулуунгэрэл, Отгон, Туул, Д.Сарантуяа, Гандолгор, Батчимэг, Нарантуяа, Я.Отгонбаярмаа, Ч.Даваасүрэн, Батжаргал, Чулуунцэцэг, Ж.Пүрэвмаа, Мөнгөнцэцэг, Майцэцэг, П.Баярмаа, Мөнхтуул, М.Энхжаргал, Ц.Батмөнх, Д.Уранцэцэг, Сувдмаа, Э.Энхцэцэг, Х.Лхагвасүрэн, П.Даариймаа, Мандах, Баярцэцэг, О.Ганцэцэг, С.Энхтуяа, Сэд.Энхтуяа, П.Өлзийжаргал, Б.Оюумаа, М.Цэрмаа, Энхтунгалаг нар, засварчнаар Монхоодой ажиллаж байлаа. Ордоны хэмжээнд эх загвар бэлтгэгдсэн явцыг хэлэлцэж, онц өөрчлөлт, зөрчилгүй бол дахин хийх шаардлагагүй гэж үзэж, танилцуулга холбогдох материалыг бэлтгэж нэгдлийн шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, эх загварыг үйдвэрлэх материал, иж бүрдэл зэрэг материал хангамжийн захиалга, нийлүүлэлттэй тохирч байгаа эсэхийг тодорхойлж, эх загварыг үйлдвэрлэх тухай худалдааны байгууллагатай тохиролцох (Бөөний худалдааны яармаг, шаардлагатай үед улирал тутам тодотгол хийх зэрэг) асуудлыг нэгдлийн удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлдэг байлаа. Ийнхүү эх загвар бэлтгэх үйл явц дуусч, худалдааны байгууллага (Бөөний худалдааны яармаг)-тай тохиролцож батлагдсан эх загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бэлтгэл ажил үргэлжилнэ. Батлагдсан эх загварт худалдааны байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу тодотгол хийх, өөрчлөх, дахин хийх эсэхийг хянаж, зохион бүтээлтэд шилжүүлэх, зохион бүтээгчид эх загварыг үйлдвэрлэлд бэлтгэх, дундач размерийн суурь үлгэрийг нягтлан шалгах, шаардлагатай бол эх загвар, үлгэрийг дахин гаргах, оёж турших, үйлдвэрлэлд оруулах эх загварын хүний биенд хэрхэн сууж тохирч буй эсэх, материал иж бүрдлийн таарамж, дундач размерийн суурь үлгэр, бусад размер ростод суурь үлгэрийг шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Энэ ажиллагаа нь эх загвар хэр олон эд ангитайгаас шалтгаалж маш олон цэгийг тооцоолж, гараар хийгддэг ажиллагаа байлаа. Размер ростын шилжүүлэлт хийгдсэн эд анги бүрийн үлгэрийг гараар хайчилж бэлтгэдэг байсан. Энэ ажиллагаа нь маш нягт нямбай, тооцоолох аргачлалыг сайн эзэмшсэн байхыг шаарддаг байв. Нэгдлийн дарга Р.Лутаагийн санаачлага, идэвхтэй хөөцөлдөлгөөний үр дүнд 1987 онд Япон улсын “САD SUSTEM 100” компьютерийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулж ажиллуулснаар дээрх гар ажиллагааг анх удаа компьютераар хийдэг болсон бөгөөд ордоны загвар зохион бүтээгч Ё.Баярхүү, Ч.Батдэлгэр нарыг Япон улсад урьдчилан сургаж бэлтгэсэн билээ. Энэ ажлыг өмнө нь серийн ажилчин, дунд үед зохион бүтээгч өөрсдөө хийдэг байсан. Сүүлд энэ машинаар уншуулж размер ростод шилжүүлэх ажиллагааг хийж, хэвлэн авч, хувилаад шалгах, тэмдэглэх үлгэрийн эхийг бэлтгэдэг болсон. Гэвч шалгах, хувилах үлгэрийг гараар хайчилдаг хэвээр байсан. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх загварын бүх размер, ростын суурь үлгэрүүдийг хийж, шалгах болон тэмдэглэл хийх үлгэрүүдийг эсгүүр, оёдол, гүйцэтгэх цех тасагт хэрэглэгдэх тоогоор олшруулж бэлтгэнэ. Эдгээр үлгэрийн эхийг зохион бүтээгч нар хийж, үлгэр олшруулагч ЁЦэцэгмаа, Хандсүрэн, Д.Гүндэгмаа, Л.Оюунгэрэл, Алтанцэцэг олшруулах ажлыг хийдэг байлаа. Мөн эсгүүрийн хар зургийн эх бэлтгэх ажлыг гараар хийдэг байв. Харин 1987 оноос дээр дурдсан “САD SUSTEM 100” компьютерийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж принтэлж гаргадаг болсон. Энэ ажлыг хар зурагчин Г.Цэрэндэжид, Т.Тунгалаг, Баярхүү, Бадамсүрэн, Цээжав нар хийж гүйцэтгэдэг байв. Бас бэлтгэсэн эсгүүрийн хар зургийг олон тоогоор хувилна. Түүнийг бас л гараар нэг бүрчлэн хийдэг байсныг Нэгдлийн ерөнхий инженер Ө.Даш-Өлзий нарын санаачлага (ШБОС)-аар 1975 оноос кардон хатуу цаасаар хийсэн олон дахин хэрэглэх цоолбороор эсгүүрийн хар зургийг хувилж байгаад 1982 оноос Голланд улсын ГАФФ фирмийн хувилах машин дээр хийдэг болсон. Энэ машин дээр эсгүүрийн хар зургийг фото мэдрэмтгий цавуутай цаасаар хувилдаг тул дараа нь эсгүүрийг хөдөлгөөнгүй байдалтай эсгэх сайн талтай байв. Энэ ажлыг хар зураг хувилагч Л.Додвийжалам, Түмэнжаргал нар олон жил хийж байлаа. Үйлдвэрлэлд шинэ загвар бэлтгэж оруулахад ордоны технологич технологийн баримт бичгийг боловсруулан батлуулж, түүнийгээ хэрэгцээт тоогоор олшруулж, батлуулж тараадаг, зураач, зохион бүтээгч, технологич, ордоны мастер, тухайн загварын эхийг оёсон оёдолчин оролцож тусалдаг байсан. Бөөний худалдааны яармагаар батлагдсан, ломбодсон эх загвар (sample)-ын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, боловсруулах, өртөг зардал, эдийн засгийн тооцоо, судалгаа гаргах, хадгалах, шилжүүлэх, ордны ажилтнуудын ажлын гүйцэтгэл, цалин хөлсийг бодох ажлыг нэгдлийн Хөдөлмөр цалин хөлсний хэлтэс болон эдийн засагч Янжинхүү, орц гаргагч Дангаа, нярав Хорлоо, С.Энхтуяа, нягтлан бодогч Баасанжав нар хийж гүйцэтгэдэг байсан. Манай хамт олны ажил их, шахуу дайчин, зав чөлөөгүй ажиллахын зэрэгцээ уралдаан тэмцээнд оролцон тэргүүлж, эмэгтэйчүүд нь эрчүүд шиг хүчтэй, эрэгтэйчүүд нь эмэгтэй хүн шиг уяхан шалмаг хүмүүс байлаа. Субботник, цэвэрлэгээ, нүүдэл суудал их хийгддэг байлаа, энэ үеэр бид бүгдээрээ бүх зүйлээ өөрсдөө дамжлаад зөөчихнө, их шуурхай амжуулдаг байлаа. Бас их эвсэг, баяр ёслолыг хэсэг хэсэгтээ хуваагдан хариуцаад тэмдэглэчихнэ. Хүүхдийн хувцасны загвар зохион бүтээх хэсэг, насанд хүрэгчдийн хувцасны загвар зохион бүтээх хэсэг, оёдлын тасгийнхан гэх мэтчилэн хуваагдаж олон нийтийн ажлыг тэд зохион байгуулна. Жилийн эцсийн тайлан хэлэлцэх үеэр сайн зохион байгуулсан ажилтнууддаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж баяр хүргээд дараагийн жилд аль хэсэг баяр ёслол, олон нийтийг хамарсан ямар арга хэмжээг хариуцаж хийхээ ярилцаж шийддэг байлаа. Монголд анхны “Гоёл” наадам зохион байгуулагдахад манай хамт олон их идэвхтэй оролцож, шилдэг зураач дизайнераар Г.Саранчимэг, Н.Соёлмаа, Д.Ариунбуян нар, зохион бүтээгч Батжаргал, Батдэлгэр, Цэрэнпагам, Ё.Баярхүү, Энхтүвшин, Б.Оюунчимэг, Пагамсүрэн, Ц.Гэрэлмаа, Ш.Солонго, Батзориг, Нямцэрэн, Ганхуяг нарын зохион бүтээсэн загварууд болон манай үлгэр загварын ордон хамт олны хамтын бүтээлээрээ шилдэг тэргүүний загвар зохион бүтээх байгууллагаар тус тус тэргүүн байрт шалгарч шагнуулж байв. Мөн 1990 оны бөөнийн худалдааны яармагаар манай үлгэр загварын ордон шалгарч Японы Sharp маркийн хөгжмийн иж бүрдлээр шагнуулж байлаа. Нэгдлийн дарга Р.Лутаа 1990 онд байгууллагын зардлаар зураач дизайнер Н.Соёлмааг Франц улсын Париж хотод зохион байгуулагдсан олон улсын хувцасны загварын яармагт явуулж орчин үеийн хувцасны загварыг судлуулж байлаа. Ийм л сайхан хамт олон бүрдэж, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжиж, шинэ техник, технологи нэвтрүүлэн ажиллаж байсан билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе, өмч хувьчлалаар оёдлын үйлдвэрүүд хувьчлагдаж, бидний гүйцэтгэж байсан ажил үүрэг өөрчлөгдөж, дотоодын зах зээл хумигдаж, үндэсний томоохон оёдлын үйлдвэрлэл зогсож, хувийн хэвшлийн жижиг дунд оёдлын үйлдвэрлэл бий болсон тэр үед Үлгэр загварын ордоны маань үйл ажиллагаа зогссон билээ. Энэ үед оёдлын үйлдвэрлэлд ажиллаж байсан олон зуун ажилчид ажлын байргүй болж байсан ч манай ордны зураач дизайнер, зохион бүтээгч, инженер, технологич, загварын оёдолчид, бусад ажилтнууд ажиллаж байсан мэргэжлийн мэдлэг, дадлага, чадвараараа ажлын байр бий болгож, тэд маань мэргэжлээрээ ажиллаж, сайн сайхан амьдарч явдагт нь би баярлаж явдаг юм. Миний мэдэж байгаагаар Нийслэлд оёдлын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, загварын товчоо, хувцас захиалга, салонд манай загварынхан, манай нэгдлийнхэн л ажиллаж байдаг, тэдэнтэйгээ тэнд л тааралдаж, уулзалдаж байдаг. Ийм сайхан хамт олныг бүрдүүлэн ажиллуулж, мэргэшүүлэн дадлагажуулж, хэн нь ч хаана ч ажиллах чадвартай болгосон Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахько компанийн үе үеийн удирдлагуудад баярлаж явдагаа илэрхийлж байна. Бас манай үлгэр загварын ордны маань хамт олон шинэ жилээр баярлаж уулзалддаг хэвээр байгаа билээ. Үлгэр загварын ордоны хамт олныхоо нэрийн өмнөөс Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахько хувьцаат компанид ажиллаж байсан үе үеийн оёдолчин, инженер техникийн ажилтан, ахмадууд, одоо ажиллаж байгаа бүх хүмүүст оёдлын артель, оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахько компанийн түүхт ойн жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Даваадоржийн Жаргалсайхан

(ОҮН-ийн орлогч дарга, Тахько компанийн Үлгэр загварын ордны дарга асан)

Хамгийн сүүлд нэмэгдсэн

Хөдөлмөр өрнөсөн он жилүүд
Видео
Түрээслэгчид