• |
Тахько (ХК) компанийн танилцуулга

Монгол улсад анхны Оёдлын артель 1931 онд Улаанбатар хотод байгуулагдсанаар Тахько (ХК) компанийн тулгын чулуу тавиагдсан бөгөөд 1972 онд хоршоологчдын өмчөөс улсын өмчид шилжиж, дотроо оёдлын төв үйлдвэр, хүүхдийн хувцасны үйлдвэр, гэр ахуйн эдлэлийн үйлдвэр гэсэн гурван үйлдвэрийг нэгтгэсэн Оёдлын үйлдвэрийн нэгдэл болж, тухайн үеийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харъяанд ажиллаж байсан.

      Улс орон зах зээлд шилжих эхний үед  Оёдлын үйлдвэрийн нэгдэл нь Тахь пүүс, оёдлын Хулан, Оюу, Номин үйлдвэр гэсэн зохион байгуулалтын хэлбэрээр богино хугацаанд ажилласан байгаад Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хувьчлагдах шийдвэр гарч, Тахько хувьцаат компани (100 хувь хувийн өмчид шилжсэн) байгуулагдсан үеэс одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 

    Тус компани 1992 онд буюу хувьчлагдах үеийн эхлэлтийн балансаар 345,567.5 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 592,830 ширхэг энгийн хувьцаатай байсан бол 2011 оны жилийн эцсийн байдлаар 1,559,294,2 мянган төгрөгийн өөрийн хөрөнгө, анхны үнээр тооцвол 1,150,890,1 мянган төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийтэд зарласан чөлөөтэй арилжаалагдах 1,189,983 ширхэг энгийн хувьцаатай нээлттэй компани болсон.

Тахько (ХК) компани хувьчлагдахаас өмнө улсын үйлдвэр байхдаа оёдлын үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж шинэчлэхээр авсан банкны урт хугацаатай 92,772,5 мянган төгрөг, 649,9 мянган ам.доллар, 29,134,8 мянган йений зээлтэйгээр хувьчлагдсан бөгөөд эдгээр бүх зээлийг хүүгийн хамт 1992-1999 онуудад өөрийн орлогоор бүрэн төлж барагдуулсанаар банкны зээлийн өр төлбөргүй аж ахуйн нэгж болсон.

Тус компани Монгол улсын үндэсний оёдлын үйлдвэрлэлийг  дангаараа амжилттай гүйцэтгэж байсан боловч АНУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын худалдааны тааламжтай нөхцөл цуцлагдаж, оёмол бүтээгдэхүүний гадаад, дотоодын захиалгагүй болсон тул 2001 оноос эхлэн оёдлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, өөрийн байранд төрөл бүрийн ажлын байр бий болгож, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулснаар Улаанбаатар хотын томоохон түрээслүүлэгч болж Мобиком компанийн үйлчилгээ үзүүлэгч Тэди төв, Улуснет, М клуб, М боулинг, фитнес үйлчилгээний том төвийг өөрийн байранд түрээсээр ажиллуулж байна.

Тахько (ХК) компани үүсэн байгуулагдсанаас хойш эрхэлж буй үйл ажиллагаа, компанийн өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн  ээлжит хурлыг жил бүр тогтоосон хугацаанд зарлан хуралдуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж хэвшсний дээр, хувьчлагдсаны дараагийн жил (1992-2012 он)-ээс одоог хүртэл компанийн хувьцаа эзэмшигчдэд нийтдээ 320,508.1 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилж, олгосон байна. 

Компанийн санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлогын, хувь хүний орлогын, үл хөдлөх эд хөрөнгийн, авто тээвэр өөрөө явах хэрэгсэлийн, нэмэгдсэн өртгийн албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоог тогтоосон хугацаанд гаргаж, хуульд заасан хугацаанд санхүү, татвар, нийгмийн даатгалын байгууллагад тушааж хэвшсэн.

 Компанийн орлого, ашиг нэмэгдэж, санхүүгийн чадвар дээшилж, банкны зээлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болсны дээр сүүлийн 5 жилд 577,320.9 мянган төгрөгийн татварыг улсын төсөвт, 210,500.0 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна.  Улсын төсөвт төлөх бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлж татварын орлогыг биелүүлж ажилласанаар 2004-2007 онд Чингэлтэй дүүргийн тэргүүний татвар төлөгч,  2008 онд Нийслэлийн тэргүүний татвар төлөгч,  2009 онд Нийслэлийн найдвартай татвар төлөгч, 2010 онд Монгол улсын найдвартай татвар төлөгч, 2012 онд Монгол улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарч, татвар, нийгмийн даатгалын өргүй байгууллага болсон. 

Одоо тус компани нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хамгийн сүүлд нэмэгдсэн

Хөдөлмөр өрнөсөн он жилүүд
Видео
Түрээслэгчид