• |
Тахько (ХК) компанийн түүх

  Тахько (ХК) компанийн түүх нь Монгол улсад үйлдвэрлэлийн хоршоолол, хөнгөн аж үйлдвэр, түүний дотор оёдлын үйлдвэрлэл үүсч хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой билээ.

1931 онд Улаанбаатар хотод цөөн тооны оёдолчид өөрсдийн хөдөлмөрийг хамтран нэгтгэх замаар анхны оёдлын артель байгуулан ажиллаж эхэлжээ.

Монголын үйлдвэрийн хоршооллын байгууллагад олон жил ажилласан ахмад ажилтан Д.Дэмчиг бичиж, Т.Намжаа редакторлаж, 1959 онд хэвлэгдсэн БНМАУ-ын үйлдвэрийн хоршоолол номонд “... Улаанбаатар хотын дотор оршин сууж байсан цөөн тооны, голдуу эмэгтэйчүүдээр бүрдсэн хэсэг оёдолчид өөрсдийн хувийн багаж хэрэгсэл, хувь хөрөнгийг нийгэмчлэн гар үйлдвэрийн артелийг байгуулахаар хамтран нэгдэж, 1931 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр артелийн ерөнхий хороогоо сонгож, артелийн дагаж мөрдөх дүрмийг баталж, хувцас оёх артелийг анх удаа байгуулжээ” гэжээ.

Энэ тухай Т.Нямдорж, Х.Цэцэн, Г.Ширнэн, Л.Лхагваа нар бичиж, 1980 онд хэвлүүлсэн БНМАУ-ын Хөнгөн, хүнсний аж үйлдвэр номонд “...гучаад оны эхээр байгуулагдаж ...ажиллаж эхэлсэн анхны оёдлын артель нь хөнгөн үйлдвэрийн салбарын оёдлын үйлдвэрлэлийн суурь болсон юм” гэж тодорхойлжээ.

Мөн Д.Дэмчиг бичиж, түүхийн ухааны дэд эрдэмтэн Х.Пэрэнлэй редакторлаж, 1970 онд хэвлэгдсэн Монголд гар үйлдвэр хөгжсөн нь номонд “... Оёдлын артель байгуулахаар санаачлагчдын нэг, тус артелийн анхны гишүүн Чимидийн Цэмбэл ярихдаа 1931 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Жигмэдийн Төмөр-Очир, Гаваагийн Чимэд, Аюурзанын Сүрэн, Насанцогтын Цэнд, Ядамын Дуламсүрэн, Шагдарын Рэнцэн, Сайханы Дашдулам, хавирган хэмээх Лувсандашийн Цэрэн, Чимидийн Цэмбэл, Сандаг-Очирын Цэнд, Цэвээний Догоосүрэн нар хуралдаад оёдлын артель байгуулж, артелийн даргаар Жигмэдийн Төмөр-Очир, шалган байцаах комиссын даргаар Гаваагийн Чимэд нарыг сонгосон. Энэ хурлыг Эд хэрэглэгчдийн хоршооны харъяа Гар үйлдвэрийн ерөнхий хорооны төлөөлөгч Жунай гэдэг хүн ирж удирдсан юм” гэжээ. Энэ үед бусдын дээл хувцас авч оёдог байсан үсэн хэмээх Гэлэг, үнхэлцэг хэмээх Дэмбэрэл, Төмөрийн Дулмаа, Чимэдцэеэгийн Чимэд, навсай хэмээх Цэрэн зэрэг оёдолчид Жигмидийн Төмөр-Очирын байгуулсан дээрх оёдлын артельд нэгдэн орсон байна. 

Оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг анхны оёдлын артель байгуулагдаж, тус артелийг үүсгэн байгуулагчид оёдлын артель гэж нэрлэсэн бөгөөд ард түмний дунд оёдлын артель, эмэгтэйчүүдийн артель, Төмөр-Очирын артель, Улаанбаатарын артель, оёдлын 1 дүгээр артель гэж янз бүрээр нэрлэгдэж байсан боловч архивын болон үйлдвэр хоршооллын байгууллагын баримт бичиг, оёдлын үйлдвэрлэлийн холбогдолтой ном, ажлын тайлан, илтгэлд  Эмэгтэйчүүдийн оёдлын 1 дүгээр артель гэсэн нэрээр бичигдэж байсан байна. 

Тус артелийн анхны нягтлан бодогчоор Жигмид гэдэг хүн ажиллаж байсан, тухайн үеийн Гар үйлдвэрийн ерөнхий хорооноос шинээр байгуулагдсан  оёдлын артелийн үйл ажиллагааг дэмжиж, оёдлын гар машин 5-ыг олгож дэмжиж тусалж байсан,  оёдлын үйл ажиллагааг эхлэн явуулахдаа голдуу дах, дэгтий, дээл, цэрэг хувцас оёж байсан тухай архивт хадгалагдаж буй баримт бичигт дурдсан байна. 

“1931 онд анхны оёдлын артель байгуулагдсан нь хөнгөн аж үйлдвэрийн салбарын оёдлын үйлдвэрийн анхны суурь, тулгын чулуу тавигдсан юм” гэж Хөнгөн, хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан Оёдлын үйлдвэрийн нэгдлийн баярын хуралд нэгдлийн дарга Л.Балжинням, Оёдлын төв үйлдвэрийн баярын хуралд нэгдлийн ерөнхий инженер Р.Лутаа нарын тавьсан илтгэл, Т.Нямдорж нар хамтран бичиж, Г.Найдан, Ж.Цэцэг-Өлзий нар редакторлаж 1980 онд хэвлэгдсэн  “БНМАУ-ын Хөнгөн, хүнсний аж үйлдвэр”, Ю.Дашбал нарын хамтын бүтээл, Н.Дагвадорж редакторлаж 2004 онд хэвлэгдсэн “Монголын хөнгөн аж үйлдвэр” номонд тус тус дурджээ. Мөн Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны ахмад ажилтан, эдийн засагч Ц.Цэрэнчимэдийн бичиж 2011 онд хэвлүүлсэн “Монгол улсын үндэсний аж үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал, зорилт” ном (456 дугаар хуудас)-д “...Намын VII их хурал улсын аж үйлдвэр хөгжүүлэхийн зэрэгцээ, энгийн гар урчууд, малчдыг гар үйлдвэрлэлийн ажилд сайн дураар нь хоршооллох зорилт дэвшүүлсний дагуу 1931 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын цөөн тооны оёдолчин эмэгтэйчүүд өөрсдийн хувийн багаж хэрэгсэл, хөдөлмөрөө нэгтгэн үйлдвэрийн хоршооллын оёдлын анхны артелийг байгуулсан нь хоршооллын үйлдвэр үүсч хөгжих эхлэл болсон ...” гэжээ.

Дээр дурдсан түүхэнд холбогдох ном, хүмүүсийн бичиж туурвисан бүтээл, бусад холбогдох баримт бичигт энэхүү оёдлын артель 1931-1972 оны хооронд үйлдвэр хоршооллын байгууллагын харъяалалд үйл ажиллагаагаа явуулан  хөгжиж ирсэн байна.

Оёдлын 1 дүгээр артелийн үйл ажиллагаа жил тутам өсөн нэмэгдэж тус артелиас 1940 онд Амгалангийн артель, 1942 онд 18 дугаар артель,1944 онд 14 дүгээр артель, 1962 онд Хүүхдийн хувцасны артелиуд тусгаарлан гарч бие даан ажиллаж эхэлсэн байна.

Оёдлын артелиудад техник, технологи нэвтэрч, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ нэмэгдэж ирсэн тул 1951 онд оёдлын 1 ба 18 дугаар артелиуд нийлж оёдлын 6 дугаар артель нэртэй болж, үйл ажиллагаа нь улам өргөжсөн байна.

Оёдлын 1 дүгээр артель (1951 оноос оёдлын 6 дугаар артель нэртэй болсон) түүний хамт олон бусад байгууллага, ард түмний нэгэн адил Зөвлөлтийн эх орны дайн, Солонгосын ард түмний эх орноо чөлөөлөх дайны жилүүдэд Монгол улсаас туслах бэлгийн хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх болон Монгол улсын зүүн хязгаарын 1945 оны байлдааны үед цэргийн хувцас үйлдвэрлэх эх орон ч үүргийг гүйцэтгэхэд асар их хувь нэмэр оруулсан байна. Энэ үед оёдлын 1 дүгээр артель гол төлөв улс орныг батлан хамгаалах ажилд чиглэгдэн ажиллаж байжээ. 

Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид бэлэглэх зүйлийг үйлдвэрлэхэд оруулсан хувь нэмэр болон үүсч хөгжсөний 40 жилийн ойгоор Оёдлын 6 дугаар артелийн хамт олны ажлын амжилтыг өндрөөр үнэлж, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас одон”-оор 2 удаа, БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух”, МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медалиар тус тус шагнагджээ. 

Оёдлын 6 дугаар артель Оёдлын шинэ фабрикийн байранд 1970 оны 7 дугаар сард шилжин орж, 10 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, нийт ажлын 60 гаруй хувь нь механикжсан орчин үеийн тоног төхөөрөмж, технологитой, төрөл бүрийн хувцас оёх оёдлын үйлдвэр болсон байна.

Энэ үеэс Оёдлын 6 дугаар артелийг Монголын үйлдвэрийн хоршооллын харъяа  Оёдлын фабрик гэж нэрлэх болжээ.

1972 онд хуралдсан Монголын үйлдвэр хоршооллын VIII их хурлаас хоршооллын артель, үйлдвэрүүд аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжиж улсын үйлдвэрийн хэмжээнд хүрсэн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, хоршооллын үйлдвэрүүдийг улсын болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

”Үйлдвэрийн хоршооллын үйлдвэр, аж ахуйн газрыг улсад шилжүүлэх болон түүнтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай”  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Монголын үйлдвэрийн хоршооллын төв зөвлөлийн системийн харъяанд ажиллаж байсан Оёдлын фабрик, Хүүхдийн хувцасны артель, Амгалангийн артелийг тус тус Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яаманд шилжүүлэн харъяалуулж, улсын үйлдвэр болгохоор шийдвэрлэж, шилжүүлж байгаа үйлдвэрүүдийг 1972 оны үйлдвэрлэл, бараа гүйлгээний төлөвлөгөө, захиалга, үндсэн ба эргэлтийн хөрөнгө (бүх актив, пассив), ажиллагсад, банкны урт богино хугацааны зээлийн хамт 1971 оны жилийн эцсийн балансаар 1972 оны 3 дугаар сард багтаан хүлээн авч, өгөлцөхийг Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөл, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яаманд даалгажээ.

Ийнхүү 1931 онд байгуулагдсан оёдлын 6 дугаар артель (анх байгуулагдахдаа оёдлын артель, оёдлын 1 дүгээр артель нэртэй байсан) бусад оёдлын артелийн нэгэн адил хоршооллын өмчөөс улсын өмчид шилжиж, 1972 онд улсын үйлдвэр болж, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны шууд харъяанд ажиллах болжээ. 

Уг тогтоолоор Улаабаатар хотод байгаа оёдлын үйлдвэрүүдийг 1972 онд багтаан төрөлжүүлж зохион байгуулахыг Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яаманд даалгасан байна.

Тахько (ХК) компани нь оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяанд ажиллаж байсан үйлдвэрүүдийн хувьчлалаар түүний толгойлох үйлдвэр болсон оёдлын төв үйлдвэрийн суурин дээр байгуулагдсан учир Оёдлын үйлдвэрийн нэгдлийн түүхтэй салшгүй холбоотой болно.

“Үйлдвэрүүдийн нэгдэл байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 158 дугаар тогтоолоор гурил, тэжээл, гутал, арьс шир, оёдол, ноос боловсруулах болон нэхмэлийн чиглэлийн ижил төрлийн үйлдвэрүүдийг нэгтгэн удирдах Гурилын үйлдвэрийн нэгдэл, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Оёдлын үйлдвэрийн нэгдлийг үйлдвэрүүдийн захиргааны орон тоо, цалингийн фондод багтаан Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяанд байгуулж, тэдгээрийг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолыг үндэслэн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны сайдын 1972 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тушаалаар Хүүхдийн хувцасны үйлдвэрийн харьяа гар хивс, сүлжмэлийн цехийг ноосон нэхмэлийн үйлдвэрт шилжүүлэн харьяаллуулж, Амгалангийн оёдлын үйлдвэрт гэр ахуйн зориулалттай бүтээгдэхүүн, Оёдлын фабрикт насанд хүрэгчдийн хувцас, Хүүхдийн хувцасны үйлдвэрт хүүхдийн хувцсыг төрөлжүүлэн үйлдвэрлэхээр тус тус өөрчлөн зохион байгуулжээ.

Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны сайдын 1972 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 144 дугаар тушаалаар Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Оёдлын үйлдвэрийн нэгдлийг 1972 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс байгуулж, мөн тушаалын нэгдүгээр хавсралтаар Оёдлын үйлдвэрийн нэгдэлд Оёдлын төв үйлдвэр, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Гэр ахуйн  оёдлын үйлдвэрийг харьяаллуулжээ.  Мөн тушаалаар Оёдлын үйлдвэрийн нэгдэл байгуулсантай холбогдуулан Оёдлын фабрикийн захиргааг Оёдлын үйлдвэрийн нэгдлийн захиргаа болгож өөрчилсөн байна.

 Сайд нарын зөвлөлийн 1972 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 353 дугаар тогтоолоор үйлдвэрүүдийн нэгдлийн бүрэлдэхүүнд орсон зарим үйлдвэрийн нэрийг өөрчилж, Оёдлын фабрикийг Оёдлын төв үйлдвэр, Хүүхдийн хувцасны артелийг Хүүхдийн хувцасны үйлдвэр, Амгалангийн артелийг Гэр ахуйн эдлэлийн үйлдвэр гэж нэрлэсэн байна.

“Оёдлын үйлдвэрийн нэгдэл, ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрсэн үйлдвэрүүдтэй, 1000 гаруй хамт олонтой, жилд 100 гаруй сая төгрөгийн 250-аад мянган ширхэг насанд хүрэгчид, хүүхдийн болон ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай, манай улсын зөөлөн оёдлын хамгийн том бөгөөд давуу салбарыг удирдах байгууллага болж ажлын гаргаагаа эхэлжээ” гэж Монголын хөнгөн аж үйлдвэрийн үүсэл хөгжлийн түүхэн тойм ном (189, 199 дугаар хуудас)-нд онцлон дурдсан байна.   

Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хамт олон улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1971-1975 оны V таван жилийн төлөвлөгөөг 100.8 хувиар, 1976-1980 оны VI таван жилийн үйлдвэрлэл, бараа борлуулалтын төлөвлөгөөг 100.1-100.8 хувиар биелүүлсэн байна. 

1970-1980-аад онуудад улс ардын аж ахуйн бүх салбарын хөгжлийн нэгэн үе байв. Энэ үед оёдлын үйлдвэрлэлийн салбар түргэн хөгжиж, хоршооллын өмчөөс улсын өмчид шилжиж, улсын үйлдвэрийн зохион байгуулалтад орж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болжээ.  Оёдлын үйлдвэрийн энэхүү өөрчлөлт шинэчлэл нь  “Монгол улсын үндэсний аж үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал, зорилт” ном (96 дугаар хуудас)-нд “1970, 1980-аад он нь хөнгөн аж үйлдвэрийн эрчимтэй хөгжил, их бүтээн байгуулалтын он жилүүд байсан” гэж тодорхойлсонтой дүйцэж байна.

 Оёдлын үйлдвэрийн нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдэрсэн,  амжилт, бүтээлээр арвин үе нь улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөт жил (1976-1990 он)-үүд, түүний дотор 1980-1989 он байв.

1972-1990 онуудад Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргаар Г.Даваа, О.Бадам, Л.Балжинням, Р.Лутаа, нэгдүгээр орлогч, ерөнхий инженерээр Н.Даш-Өлзий, Р.Лутаа, Г.Дулмаа, эдийн засаг эрхэлсэн орлогч даргаар Г.Хишиг, С.Хурцбилэг, Ч.Батбилэг, материал хангамж, борлуулалт эрхэлсэн орлогч даргаар Ц,Наст, чанар эрхэлсэн орлогч даргаар Г.Дулмаа, Д.Жаргалсайхан, Намын хорооны нарийн бичгийн даргаар Ц.Энхтөр, Ц.Цэрэнтогтох, Ц.Дэнсмаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргаар Адинов, Н.Сээсэр, Хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргаар Л.Мөнтөөлэй, Д.Цэнд-Аюуш, Д.Чанчал, Ч.Батбилэг, М.Бямбаа, М.Сандийноров, Гэр ахуйн эдлэлийн үйлдвэр (сүүлд Хүүхдийн хувцасны 2 дугаар үйлдвэр болсон)-ийн даргаар Д.Чойжил, Т.Буянтогтох, Б.Аварзэд, Г.Заяа, Лхамрагчаа, Д.Нансалмаа, Г.Халтар нар ажиллаж байсан байна. 

Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Л.Дашням, Н.Дугуйцагаан, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Даваа нар төрөн гарсан бөгөөд VI таван жилийн гавшгайч 472, VII таван жилийн гавшгайч 593, VIII  таван жилийн гавшгайч 300 гаруй төрж, улс, салбар, хот, районы хөдөлмөрийн ба чанарын аварга 84, улсын тэргүүний мастер 68, салбарын ба Улаанбаатар хотын хошой аварга хамт олон 6 төрсөн байна. Л.Дашням, З.Норжинлхам, Т.Цэрэндумаа, Н.Дугуйцагаан, Ш.Булгамаа, Н.Даш нар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар, Ч.Батбилэг, Л.Дашням, Пагамсүрэн, Д.Баасанжав, Ц.Цэрэнтогтох, В.Чимэдлхам, Р.Дадам, М.Сээсэр, Г.Халтар нар МАХН-ын  их хуралд, Л.Алтанцэцэг, Д.Баасанжав, Г.Дулмаа Д.Дагвасүрэн, Я.Саймаа нар МҮЭ-ийн 12 дугаар их хуралд,  Ш.Булгамаа,  Дугуйцагаан, Тунгалаг нар МХЗЭ-ийн 18 дугаар их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдон оролцож хөдөлмөрийн хамт олны амжилт бүтээл,  тулгарч байгаа асуудлыг нам, төр, засагтаа илтгэж байжээ. 

                Оёдлын үйлдвэрийн нэгдэл, түүний бүтээлч хамт олон 1972-1990 онд улс, ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх V, VI, VII, VIII дугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улс, яамны өмнө хүлээсэн үүрэг, хүн амын эрэлт хэрэгцээг оёмол бүтээгдэхүүнээр хангах үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн байна.

Дэлхийн улс, орнуудын адил манай улсын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог өөрчлөх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шинэ сонголтыг хийх шилжилтийн үе эхэлсэн 1990 оноос оёдлын үйлдвэрлэлийн салбарын бүтэц, чиг хандлагад өөрчлөлт орсон. 

 БНМАУ-ын Засгийн газар 1990 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 95 дугаар тогтоолоор орон нутгийн үйлдвэрүүдийг тухайн орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлснээр нэгдлийн харъяанд ажиллаж байсан Төв аймаг дахь ажлын хувцасны үйлдвэр, Хархорин, Хатгал дахь оёдлын үйлдвэр цех нэгдлийн харъяаллаас гарсан. Нэгдлийн харъяаны хүүхдийн хувцасны 1, 2 дугаар үйлдвэрүүд нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, оёдлын төв үйлдвэр дангаараа үлдсэн  тул Оёдлын үйлдвэрийн нэгдэл байхгүй болсон байна.  

Хөнгөн үйлдвэрийн салбарын зохион байгуулалт, эдийн засаг, үйлдвэрийн харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомж өөрчлөгдөж, зах зээлийн харилцааны суурь тавигдаж эхэлснээр Оёдлын үйлдвэрийн нэгдэл болон харъяа үйлдвэрийн зохион байгуулалт, удирдлагын зарчмыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан.

Энэ үед БНМАУ-ын улсын үйлдвэрийн хууль батлагдан гарч, уг хуулийг эдийн засаг, нийгмийг өөрчлөн байгуулах шинэ нөхцөлд мөрдөж хэрэгжүүлэх, орлого хуваарилах шинэ журамд шилжин орж, үйлдвэр, аж ахуйн газрууд бие даан ажиллах болсон.

Энэхүү шаардлагын дагуу Монголын “Ноос импекс” нэгтгэлийн шийдвэрээр Оёдлын үйлдвэрийн нэгдлийн захиргаа, төв үйлдвэрийг оёдлын  Оюу, Номин, Хулан гэсэн бие даасан 3 үйлдвэр, тэдгээрийн материал хангамж, борлуулалт, үйлчилгээг хариуцсан Тахько пүүс болгож, тэдгээр нь нийгэмлэг (корпараци) хэлбэрийн зохион байгуулалтаар ажилладаг болсон.  Тахь пүүс, оёдлын Оюу, Номин,Хулан үйлдвэр нь харилцан тэгш эрхтэй, өөрөө өөрийгөө санхүүжүүлж, бие даасан үйл ажиллагаа явуулдаг тус тусдаа хуулийн этгээд болсон. 

Тахь пүүс, оёдлын Оюу, Номин, Хулан үйлдвэр нь тухайн үеийн хууль тогтоомжийн зохицуулалтаар богино хугацаанд нийгэмлэгийн хэлбэрээр ажиллаж ирсэн бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, тэдгээрийн төрөл, хэлбэр, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон бусад харилцааг зохицуулах  “БНМАУ-ын аж ахуйн нэгжийн тухай” хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулах шаардлага гарсан байна.

Тахько пүүс, оёдлын Оюу, Номин, Хулан үйлдвэрийг нэгтгэн хувьчилж, Тахько хувьцаат компани байгуулагдсан нь Монгол улсын өмч хувьчлал, улсын үйлдвэрийн газрыг хувьчилсан түүхэн үйл ажиллагаатай салшгүй холбоотой билээ.

Тахь пүүсийн захиргаанаас оруулсан хувьчлах төслийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс нягтлан шалгаж, хянаж үзээд 1992 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Тахь пүүс, оёдлын Хулан, Номин, Оюу үйлдвэрүүдийг нэгтгэн Тахько хувьцаат компани болгон хувьчилж, хувьчлах хөрөнгийн хэмжээг 59,283.0 мянган төгрөгөөр тогтоосон байна.

БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 32 дугаар тогтоолыг үндэслэн Тахько хувьцаат компанийг үүсгэн байгуулах (зохион байгуулах) хурлыг 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийж, хуралд компанийн дүрмийн сангийн 50-иас дээш хувийн захиалагчид оролцсон тул Аж ахуйн нэгжийн тухай хуульд зааснаар   үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг хурлаар Тахько хувьцаат  компанийг үүсгэн байгуулах төсөл, хувьцааны захиалгын дүн, компанийн дүрмийг баталж, хувьчлагдах нийт хөрөнгийн хэмжээг 59,283,000 төгрөгөөр тогтоож, үнэт цаасны анхдагч зах зээлд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 592,830 ширхэг энгийн хувьцаа гаргах шийдвэрийг баталжээ.

Ийнхүү үйлдвэр, худалдаа, үйлчилгээний Тахько (ХК) компани (Manufacture, trade & servise joint stock Takhi company)1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж, тухайн үед мөрдөж байсан Аж ахуйн нэгжийн тухай хууьд зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээ авсан 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс дүрэмд заасан бүх төрлийн оёдол эрхлэх, худалдаа, ажилчдын цайны газар, эмнэлэг, дэлгүүр, жуулчны баазын зэрэг үйл ажиллагаа  эрхлэн явуулж эхэлсэн байна. 

Тахько (ХК) компанийг үүсгэн байгуулсны дараа давуу эрхээр олгогдсон 99,190 ширхэг энгийн хувьцааг 1,417 хувьцаа эзэмшигч, биржээр арилжаалагдсан 493,640 ширхэг энгийн хувьцааг 6,758 хувьцаа эзэмшигч тус тус эзэмшиж, нийт 592,830 ширхэг хувьцааг эзэмшдэг 8,175 хувьцаа эзэмшигчтэй болжээ.

  Үүсгэн байгуулах хурлаас сонгогдсон Ерөнхий захирал дээр дурдсан бүрэн эрхийн хүрээнд 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот анхны тушаалаар   компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалин, цалингийн сан, хөдөлмөрийн дотоод түр журам, шагнал урамшууллын журам, санхүүгийн дотоод журам, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар нэгжийн дүрэм болон бусад журам баталж, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тогтоож, үйлдвэрлэлийн Хулан, Оюу, Номин үйлдвэрийг үйлдвэрийн хэлбэрээр нь, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээний салбарыг бүрэн бус хариуцлагатай компанийн хэлбэрээр бие даасан үйл ажиллагаа, данс тооцоо, тайлан тэнцэлтэй компанийн салбар нэгж болгон байгуулжээ.

Ийнхүү компани нь Төлөвлөлт санхүү эдийн засгийн, Зах зээлийн, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Худалдааны бодлого хангамжийн, Техникийн бодлогын алба, Загвар зохион бүтээх төв,  хөрөнгө оруулалт брокерын, худалдаа үйлчилгээний салбартай, оёдлын (Оюу, Номин, Хулан) 3 үйлдвэрийн бүтэцтэй зохион байгуулагдсан байна.

Компанийн Захирал нарын зөвлөлийн 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар компанийн анх байгуулсан бүтэц, зохион байгуулалтад менежментийн өөрчлөлт оруулж, бие даасан хэлбэрээр ажиллаж байсан үйлдвэрүүдийг компанийн өдөр тутмын шууд удирдлаганд үйлдвэрлэлийн хэлбэрээр ажиллуулах шийдвэр гаргасан байна. Үүний дагуу Ерөнхий захирлын 1993 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01 тоот тушаалаар  бие даасан байдлаар ажиллаж байсан оёдлын Оюу, Номин, Хулан үйлдвэрүүдийг үйлдвэрлэлийн хэлбэрээр өөрчлөн, оёдлын Ажнай үйлдвэрлэлийг шинээр байгуулж, компанийн удирдлагыг Ерөнхий захирал, үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, худалдаа хангамж, нийгмийн бодлого эрхэлсэн дэд захиралтай, Тамгын, Төлөвлөлт, эдийн засаг, санхүүгийн, Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны, Худалдаа хангамжийн, Техникийн бодлогын, Аж ахуйн нийгмийн бодлогын алба, Зохион бүтээх төв, Худалдаа үйлчилгээний салбар, оёдлын Оюу, Номин, Хулан, Ажнай үйлдвэрлэл гэсэн бүтэцтэй болгон өөрчилжээ.

1992 оноос гадаадын худалдан авагчдын захиалга авч, захиалагчдаар үндсэн туслах материал, сав баглаа боодлыг бүрэн бэлтгүүлэх, тээвэр, даатгалын зардлыг төлүүлэх зарчмаар тэдний захиалгат бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор “CMP-cutting, making, paking” үнээр үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Ийм аргаар ажилласнаар материал түүхий эд худалдан авах болон бусад зардал гаргахгүйгээр орлого олж байгаа нь тухайн үед хамгийн зөв шийдэл болсон байна. Ийнхүү Тахько (ХК) компани оёдлын салбар болон өөрийн боломжийг ашиглан хөгжиж буй орнуудын жишгээр гадаадын байгууллагуудтай гэрээ хийж, захиалгаар оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэлбэрт 1992 онд бүрэн шилжсэн байна.  Тус компани гадаадын захиалагчдын материалаар 1992 оноос богино өмд, хүрэм, биеийн тамирын хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 1995 оноос дулаалгатай, дулаалгагүй хүрэм (куртка)-ний үйлдвдэрлэлээр төрөлжин ажиллаж байв.   

Компанийн үндсэн үйл ажиллагааг ийнхүү зөв эхлүүлснээр 1992 онд 130.0 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүний төлбөр (ажлын хөлс)-т 139,087 ам.доллар, 1993 онд 400 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүн  үйлдвэрлэж, 727.6 мянган ам.долларын орлоготой ажилласан байна. 1992-1993 онд бүх төрлийн ажил, үйлчилгээнээс 514,076.4 мянган төгрөгийн орлого олж, 433,262.4 мянган төгрөгийн зардал гаргаж, 80,814.0 төгрөгийн ашигтай (татварын өмнөх)ажиллаж, валютын зээлийн 49.3 хувийг, төгрөгийн зээлийг 100 хувь төлж барагдуулсан байна. Энэ бол хувьцаат компани байгуулагдсанаас хойших зах зээлийн зарчмаар ажилласан 2 жилийн ажлын үр дүн байв.

Ашиглалтгүй байсан байр талбайг ашиглан Тайваны Great Ivan Co Ltd компанитай хамтарсан хөрөнгө оруулалттай Айтекс, Татекс компани (оёдлын 2 үйлдвэр)-ийг шинээр байгуулснаар захиалгын болон үйлдвэрлэлийн хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн  зэрэг арга хэмжээний үр дүнд үйлдвэрлэлийн хэмжээ үнийн дүнгээр 1999 онд 1995 оныхоос 60 хувиар нэмэгдсэн байна.

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх,  үйл ажиллагааг боловсронгуй болгоход онцгой анхаарч үйлдвэрүүдийг нэг ээлжийн зохион байгуулалтад шилжүүлэх, компанийн шууд удирдлагад ажиллаж байсан оёдлын Оюу, Номин, Хулан үйлдвэрлэлүүдийг бие даалгах менежментийн сонгон шалгаруулалтад  хамруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.  Энэ арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг эзэмшиж, тухайн үед ажиллаж байсан ажиллагсадыг шилжүүлэн авч компанийн захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийн зээлийн үлдэгдэл, байрны түрээсийг өөрийн орлогоор төлөх нөхцөлтэй зарласан менежментийн сонгон шалгаруултад шалгарсан багууд тус тусдаа (Оюу-Өлзий, Номин, Хулан)  компани байгуулан 1995 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бие даан явуулдаг болжээ. 

Энэ үеээс Тахько компани нь бие даан ажиллах болсон үйлдвэрүүдийг ажлаар хангах, захиалгыг гэрээлэх, үйлдвэрлэлийн урьдчилсан бэлтгэл (технологийн баримт бичгийг боловсруулах, эсгэх зураг, оёх ажилбар, дамжлагын хуваарь гэх зэрэг)-ийг хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг шалган, хүлээн авч савлах, захиалагчид хүлээлгэн өгч, импорт, экспортын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй ажиллах болсон.  

Тахько (ХК) компанийн ерөнхий захирлын 1995 оны 3 дугаар сарын 5-ны 05 дугаар тушаалаар компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх (эсгэх, оёх зэрэг) ажил, үүрэг дээр дурдсан компаниудад шилжиж, өдөр тутмын ажил үүрэгт өөрчлөлт орсноор компани тамгын, санхүү бүртгэлийн, үйлдвэрлэлийн бэлтгэл, техникийн, үйлчилгээний гэсэн бүтэцтэй ажиллах болсон байна.

Үйлдвэрүүдтэй байгуулсан ажлаар хангах гэрээний хугацаа дуусч,  үйлдвэрүүд дотоодын байгууллагаас урьдчилан  бэлтгэгдсэн  захиалга авч оёдог болсноор тэдгээр ажил, үүргийг гүйцэтгэж байсан Үйлдвэрлэлийн бэлтгэлийн албыг 1999 оны сүүлчээр, компанийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд өөрсдөө захиалга авч, экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг болсноор 2005 оны эхээр Үйлчилгээний албыг тус тус татан буулгасан.

Ийнхүү компанийн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр 2005 оноос тамгын, санхүү бүртгэлийн, техник үйлчилгээний гэсэн 3 албаны бүтцэйгээр, 2010 оноос захиргааны, техник үйлчилгээний гэсэн 2 албаны бүтэцтэйгээр  ажиллаж байна.

Компанийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулснаар өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, санхүүгийн чадавх сайжирсны үр дүнд 1992-1999 онд 1,337.6 мянган ам.доларын зээл, зээлийн хүү, 100 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт 7 жилийн хугацаанд төлж дуусгаснаар хувьчлагдахаас өмнө улсаас зээлж авсан 804.9 мянган америк доллар, 29.1 сая японы иен, 100.6 сая төгрөгийн урт хугацаатай зээлийг хүүгийн хамт улсад эргүүлэн төлөх үүргээ амжилттай биелүүлсэн байна.

Тус компани 1992 оноос АНУ-ын Amerex Inc, London fog Inc, Pacific Trail lnc, Weear Guard , Turbo Sportwear зэрэг олон худалдан авагчийн захиалагчаас нийлүүлсэн загвар, иж бүрдэл материалаар оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж АНУ, Европын зах зээлд экспортолж байлаа. 

1999 оноос дэлхийн зарим улсуудын улс төр, эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлт, Азийн эдийн засгийн хямрал, мөнгөний ханшийн уналтаас шалтгаалан оёмол бүтээгдэхүүний захиалгад өрсөлдөөн эрс нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд төлөх үйлчилгээний үнэ буурсан нь тус компанийн болон манай улсын бусад оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлж, хүндрэл бий болсон.

БНХАУ дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэх болсон, хятад улсын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспортод тогтоосон хязгаарлалт цуцлагдаж, АНУ-аас манай улсад олгосон квот дуусгавар болж худалдааны ижил нөхцөлд шилжих болсноор тус компанийн үйлдвэрлэдэг захиалга аажмаар багасч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн.

Нөгөө талаас дотоодод үйлдвэрлэгдэн экспортлогдож байгаа бүтэгдэхүүн нь чанар, загвар хийцээрээ гадаадын захиалагчийн шаардлагад хүрч байгаа боловч өртөг өндөрөөс дотоодын зах зээл дээрх импортын барааны үнэнд цохигдож, борлуулалтын зах зээлгүйгээс оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бизнес явцгүй болсон.

Дээр дурдсан нөхцөл байдлаас шалтгаалан тус компанийн үндсэн үйл ажиллагаа болох оёдлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, 2000 оноос эхлэн өөрийн байранд төрөл бүрийн ажлын байр бий болгох, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ үед Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компанийн хөрөнгө оруулагч Ньюком компани манай компанийн ажилласан хугацаа, нэр хүнд, байршил, дэд бүтэц, цахилгаан дулааны эрчим хүчний хангамж, барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх үзүүлэлт, дотоод зохион байгуулалт, зам, талбайн зохимж зэрэг давуу байдлыг судалж үзээд компанийн үл хөдлөх хөрөнгийг удаан хуагцаагаар түрээсээр эзэмших хүсэлт тавьж гэрээ, хэлцэл байгуулж ажилласнаар  Улаанбаатар хотын томоохон түрээслүүлэгч болсон байна.

Ийнхүү 2004 оноос эхлэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор Мобиком корпораци, түүний үйлчилгээ үзүүлэгч Ньютел компанийн оффис, мобикомын бүтээгдэхүүний бүх төрлийн үйлчилгээ, Nokia гар утас болон интернет худалдаа, засвар, үйлчилгээний нэг цэгийн Теди төв, Bи бренд, М интертаймэнт, М боулинг, фитнес, бүх төрлийн гар утас, компьютер, электрон ба цахилгаан барааны иж бүрэн худалдаа, банкны салбарыг өөрийн байранд түрээсээр ажиллуулж, түрээслэгчдийг цахилгаан дулааны эрчим хүч, хэрэглээний ус, бусад үйлчилгээгээр тасралтгүй ханган ажиллаж байна.

Тахько (ХК) компани үүсэн байгуулагдсанаас хойш эрхэлж буй үйл ажиллагаа, компанийн өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хууль тогтоомж, компанийн дүрмийн хүрээнд явуулж, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн байна.

                Компанийн орлого, ашиг нэмэгдэж, санхүүгийн чадвар дээшилж, банкны зээлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болсны дээр Улсын төсөвт төлөх бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлж татварын орлогыг биелүүлж ажилласанаар 2004-2007 онд Чингэлтэй дүүргийн тэргүүний татвар төлөгч,  2008 онд Нийслэлийн тэргүүний татвар төлөгч,  2009 онд Нийслэлийн найдвартай татвар төлөгч, 2010 онд Монгол улсын найдвартай татвар төлөгч болж, татвар, 2012 онд Монгол улсын шилдэг татвар төлөгч болж, нийгмийн даатгалын өргүй байгууллага болсон. 

Тус компани 1992 онд хувьчлагдах үеийн эхлэлтийн балансаар 345,567.5 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 592,830 ширхэг энгийн хувьцаатай байсан бол 2011 оны жилийн эцсийн байдлаар 1,559,294,2 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийтэд зарласан чөлөөтэй арилжаалагдах 1,189,983 ширхэг энгийн хувьцаатай нээлттэй хувьцаат компани болсон байна.

Тус компани нь Нийслэлийн нутаг дэвсгэрийн 1 дүгээр бүс буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд хамаарах нутаг дэвсгэрийн 11,880 метр квадрат талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар, мөн 1 дүгээр бүс буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд харъяалагдах 5,650 метр квадрат талбай бүхий аж ахуйн зориулалттай газар, нийслэлийн 3 дугаар бүс буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо (Гүнт)-нд байрлах 10,725 метр квадрат талбай бүхий зуслангийн зориулалттай  газар (нийтдээ 28,255 метр квадрат талбай бүхий газар)-ыг тус тус эзэмшдэг,  9,080.54 метр квадрат талбай бүхий (контор, үйлдвэрлэл, үйлчилгээ, агуулах, гарааш зэрэг зориулалтаар баригдсан 1-4 давхар барилга) үл хөдлөх хөрөнгөтэй, дулаан, усны төвлөрсөн, цахилгаан тэжээлийн нэгдүгээр зэрэглэлийн хангамжид холбогдсон инженерийн байгууламжтай, орчин үеийн холбоо, интернетийн сүлжээгээр тоноглогдсон ажлын байртай болсон.

Одоо тус компани нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүлэмжийн хийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийн оролцож, судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

1931 оны 4 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн оёдлын 1 дүгээр артель байгуулагдаж, манай орны оёдлын үйлдвэрийн салбар болон тус компанийн үндэслэгч байгууллагын тулгын чулуу тавигдсаны 81 жил, 1972 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Оёдлын үйлдвэрийн нэгдэл байгуулагдсаны 40 жил, 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Тахько (ХК) компани байгуулагдсаны 20 жилийн түүхэн жилүүд өнгөрсөн 2012 онд тохиосон болно.

 

Хамгийн сүүлд нэмэгдсэн

Хөдөлмөр өрнөсөн он жилүүд
Видео
Түрээслэгчид