skip to Main Content
11-324738 info@takhico.mn

Тахько компанийн түүх Р.Лутаагийн нэртэй салшгүй холбоотой билээ.

    Хуучнаар Зөвлөлт холбоот улсад Зохион бүтээгч, зураач мэргэжил эзэмшсэн Равдангийн Лутаа 1969 оноос Аж үйлдвэрийн комбинатын оёдлын үйлдвэрт зохион бүтээгчээр томилогдож, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Р.Лутаа Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны хөнгөн үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн хэтийн хөгжлийг төлөвлөх, Ээрмэл, Нэхээсгүй эдлэл, Дорнот болон Эрдэнэтийн хивсний үйлдвэр, Савхин жижиг эдлэл, шил шаазангийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах болон өргөтгөх шинэчлэлийн ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, тоног төхөөрөмжүүдийн судалгаа хийх мэргэжлийн баг комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж төлөвлөсөн графикт ажлуудыг хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцон байжээ. 1976 онд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер (дараа нь нэгдлийн дарга, Тахько компанийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргааар ажилласан)-ээр томилогдон ажилласнаас хойш Оёдлын төв үйлдвэр, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Гэр ахуйн оёдлын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, зарим явцуу дамжлагын хүч чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн техник зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадсанаар хөдөлмөрийн бүтээмж 20 гаруй хувиар, үйлдвэрлэлийн хэмжээг 5 жилийн дотор 35 хувиар нэмэгдсэн байна. Цахилгааны саатлаас болж үйлдвэрлэлийн ажиллагаанд нөлөөлж байсан сөрөг нөлөөг арилгахын тулд 2 талын тэжээлтэй болгож, цахилгаанаар технологийн уур гаргах хэсгийн найдвартай ажиллагааг хангасан болно. Ард түмний өдөр тутам өсөн нэмэгдэж буй хэрэгцээг харгалзан үйлдвэрүүдийг өргөтгөх, шинээр үйлдвэрүүдийг барих төлөвлөгөө хийх ажлыг гардан удирдаж Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн суурин дээр 200 ажилчинтай оёдлын үйлдвэр, Зуун мод хотод ажлын хувцасны үйлдвэр байгуулах, Хар хоринд 50 машинтай оёдлын цех ажиллуулах, Багануурт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэр байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж Зуун мод, Хатгалын оёдлын үйлдвэрийг ашиглалтанд оруулж тэнд ажиллах ажилчдыг сургаж бэлтгэх ажлыг зохион байгуулсан байна. Хүүхдийн хувцасны үйлдвэрийн тоног төхөөрмжийг шинэчлэх, хүч чадлыг нэмэгдүүлэх, Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрийг хүүхдийн хувцас үйлдвэрлэх чиглэлээр өөрчлөх ажлыг чадварлаг зохин байгуулж хэрэгжүүлсэн юм. Мөн Оёдлын төв үйлдвэрийг Японы тоног төхөөрөмжөөр шинэчлэх, Югославын Ноу Хау-г нэвтрүүлэх ажлын зургийн төслийг боловсруулах, түүний санхүүжүүлэх эх үүсвэр, банкны валютын зээл авах ажлыг идэвхийлэн хөөцөлдөж хэрэгжүүлснээр Оёдлын төв үйлдвэр орчин үеийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмөөр тоноглогдсон тэргүүний технологитой үйдвэр болж чадсан юм. Бүтээгдэхүүний чанар, материалын ашиглалтанд гол үүрэг гүйцэтгэж байсан үлгэр загвар гаргах ажлыг шинэ шатанд гаргахаар Үлгэр загварын ордныг бие даасан зохион байгуулалтанд шилжүүлж , шилдэг зохион бүтээгч, оёдолчдоор бэхжүүлэн үлгэр хувилах ажиллагаанд АНУ-ын өндөр нууцлал бүхий газар зүй, байршлын зураг хэвлэн олшруулах зориулалтын компетютерийн удирдлага бүхий төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь, үлгэр хувилах, серлих ажилд эрс эргэлт гаргасан юм. Монголд ардчилсан хувьсгал гарсаны дараа оёдлын салбарын үйл ажиллагаанд материал хангамж, санхүүгийн бэрхшээл учирч олон зуун хүн ажилгүй болоход хүрсэн хүнд жилүүдэд гадаад орны захиалгаар тэдний материал, бусад хангалтыг ашиглан үйлдвэрлэл явуулж экспортлох ажлын түүчээ болж ажилласан нь оёдлын олон үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд болгоход үлгэр болсон юм. Оёдлын үйлдвэрийн нэгдэл ,түүний Оёдлын төв үйлдвэрийг 1992 онд хувьчлахад гол үүрэг гүйцэтгэсэн, олон мянган ам.доллар, олон сая төгрөгийн өр зээлийг үйл ажиллагааны үр дүнгээр төлж хувьцаа гарган, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болзол, даалгавар богино хугацаанд амжилттай хэрэгжиж улмаар хөрөнгө санхүүгийн хувьд хүчирхэг, бие даасан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг нэр хүндтэй Тахько компани болгож чадсан юм. Р.Лутаа гадаадын хөрнгө оруулалттай Тэмүүжин Менч, Айтекс, Татекс үйлдвэрүүдийг байгуулах гэрээг хөрөнгө оруулагч нартай байгуулж олон зуун ажилчинтай үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулан гадаадын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортлох болсон нь бусад компаниудад энэ мэт ашиглах боломж нээж өгснөөр улсын хэмжээнд экспортонд эзлэх хувийн жингээр оёдлын салбарын экспорт Эрдэнэт үйлдвэрийн дараа орох хүртэл өргөжсөн байна. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлж байх үедээ АНУ-д экспортлох бүтээгдэхүүний квотыг сунгах талаар ихээхэн чармайлт гарган ажилласан нь зохих үр дүнд хүрсэн юм. АНУ-аас Монголын оёмол бүтээгдэхүүний экспортонд үзүүлж байсан тааламжтай нөхцөл дуусгавар болсноос оёдлын том үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хумигдсан ч одоо оёдлын хэдэн зуун тасаг, цех үйлдвэрүүд улсын хэмжээнд ажиллаж, ажлын хамгаалалтын хувцас хэрэгсэл, цэрэг цагдаа, төмөр замчид, сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх мөн нэг бүрчилсэн захиалгаар үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулж, олон зуун хүнийг ашиг орлоготой байлгахад оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа үйлдвэрүүдэд ажиллаж байсан оёдлын өндөр мэргэжил эзэмшсэн хүмүүс гол үүрэг гүйцэтгэж байгаа болно. Р.Лутаа Оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ашиг орлого муудах үед зах зээлийн өндөр мэдрэмжтэй ажиллаж үйлдвэрлэлийн байр талбай, үндсэн хөрөнгийг бусад өндөр ашиг орлоготой компаниудад түрээсээр эзэмшүүлэх, үйлчилгээний шинэ салбар нээх гадаадын хамтран ажиллагчидтайгаа хоршин хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байгуулж эхэлсэн юм. Компанийн ашиг сонирхолыг нэмэгдүүлэхийн тулд худалдаа үйлчилгээний Марстөв, Богд хангай зоогийн газар, Дархан хот дахь Өргөө зочид буудал, Хөх хотод Тахь пивоны үйлдвэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд жуулчны бааз байгуулж зохих үр ашигтай ажиллаж үйл ажиллагаагаа өргөтгөж байлаа. Мөн Япон Монгол аялал жуулчлалын бааз байгуулахад зориулсан том жижиг 40 гаруй гэр экспортлосон нь зохих үр ашгаа өгсөн юм. Мөн Японоос Монголд хамгийн анхны суудлын Тоёото Королла машин 11-г оруулж ирсэн нь одоогийн автомашины наймаачдын үүд хаалгыг нээж өгсөн буянтай үйлс болсон юм. Р.Лутаа аливаа ажлыг хийхдээ алсын хараатай, ирээдүйгээ бодсон шийдэлтэй, аль болох эрсдэл бага гаргахаар ул суурьтай шийдвэр гаргадаг байлаа. Бичиг хэргийн өндөр соёлтой, бүх бичиг баримт нь эмх цэгцтэй, цаг хугацаа агуулгын ангилал дэс дараалалтай, хуульд нийцүүлсэн үг хэллэгтэй байдал нь бусад хамт ажиллагсадад үлгэр дууриалал болдог байлаа. Олонтой нийцтэй дөлгөөн даруу төлөв, ул суурьтай нягт нямбай, хамтаараа хөгжилдөх дуртай, бусдын үгийг анхааралтай сонсож зөв шийдвэр гаргадаг, удирдлага, өндөр настай хүмүүсийг хүндэтгэн харьцдаг харилцааны өндөр соёлтой, ганган хээнцэр чамин, шинэ юм бүхнийг аль түрүүн хэрэглээд эхэлчихсэн хүн байдаг байлаа. Р.Лутаагийн ачаар Тахько компани Монголд бараг компютерийн анхны хэрэглэгч байсан бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн ололтыг тэргүүлэн нэвтрүүлэгчийн нэг болсон юм. Р.Лутаа АНУ-ын Мянганы сорилын сангийн хүрээнд өндөр үр ашиг бүхий фермерийн аж ахуй, загас үржүүлэгийн аж ахуйн иж бүрэн төсөл боловсруулсан боловч түүнийг хэрэгжүүлж амжаагүй юм. Р.Лутаа загас барих хобитой, загасны маш олон төрлийн уураг дэгээтэй, загас барих боловсруулахад хэрэглэдэг ямар чамин гоё зүйл байна түүнийг хэрэглэдэг, түүнийгээ хэрэглэх олж нийлүүлэх талаар бусад сонирхогч шавь нартаа харамгүй тусладаг хүн байлаа. Оёдлын үйлдвэрийн нэгдэл түүний дотор Тахько компанийн хөгжлийн эхний 20 жилийн түүх нь Р.Лутаагийн нэртэй салшгүй холбоотой билээ.

Цэгмидийн Доржготов

Leave a Reply

Back To Top