skip to Main Content
11-324738 info@takhico.mn

Оёдлын үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан дурсамж

    Би Шаазангийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад 1978 оны 7 дугаар сарын 9-нд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Төлөвлөгөөний хэлтсийн даргаар томилогдон ирж ажилласанаас хойш энэ үйлдвэрийн хашаанд 34 жилийг өнгөрөөж Тахько компанитай хамгийн олон жил ажил, амьдралаа холбосон хүн болоод байгаа юм. Анх төлөвлөгөөний хэлтэст ирж ажиллахад манай хэлтэст Балдандорж, Оюунхулан, Д.Наташа, Цогзолмаа нар ажилладаг байсан бөгөөд хожим нэгдлийн эдийн засаг эрхэлсэн орлогч даргаар ажиллах үед төлөвлөгөөний хэлтэс, хөдөлмөр цалин хөлсний хэлтэс, санхүү тайлан бүртгэлийн хэлтсүүд миний удирдлаганд ажиллах болсон юм. Төлөвлөгөөний хэлтсийн даргаар Б.Базарбай, Хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн даргаар М.Бямбаа, дараа нь Бэгзсүрэн, Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар Доржпалам, дараа нь Балган нар ажилладаг байв. Хүн бүр өөрийн эрхэлсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, цаг нартай уралдан, өндөр хариуцлагатай ажилладаг байсан бөгөөд ажлаа маш сайн мэддэг, бусдад үлгэр дууриал болсон олон хүн байсны дотор үнийн асуудал хариуцсан эдийн засагч Балдандорж, ахлах нягтлан бодогч Нямаа, С.Долгорсүрэн, эдийн засагч О.Оюун, Оюунхулан, Д.Наташа, нягтлан бодогч Даваасүрэн нарын олон хүн байлаа.

Бид нэгдлийн дотоод төлөвлөлт, аж ахуйн тооцоо, үнэ бүрдэлт, материалын нормчлол, эсгүүрийн үлдэгдэлгүй татлагын арга зэргийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор гадаад орнуудад олон удаа ажлаар явж мэдсэн зүйлээ нэгдлийн хэмжээнд нэвтрүүлэхээр чармайн ажиллаж байлаа.

Оёдлын төв үйлдвэр Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан учир тус улсын оёдлын үйлдвэрүүдтэй ихээхэн холбоотой ажиллаж, Будапешт, Сегед, Сомбатхэй зэрэг хотуудын үйлдвэрүүдэд манай нэгдлийн ажилчид үйлдвэрлэлийн дадлагаар, инженер техникийн ажилтнууд туршлага судлахаар байнга явдаг байв.

Эдгээр хүмүүсийн мастер, багш орчуулагчаар Н.Пагамсүрэн, Г.Заяа нар олон жил үр бүтээлтэй ажилласан юм. Би 1988 оны 8 дугаар сар, 1990 оны 1 дүгээр сард хоёр удаа Унгарын Будапешт, Сегед, Томаш, Потэвани, Матретрени, Сомбатхэй хотуудад очиж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ, ажилчид дадлага хийх, инженер техникийн ажилтнууд туршлага судлах, тэндээс мэргэжилтэн авч ажиллуулах зэрэг хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийг хийж байв.

Хоёр дахь удаа явахад инженер Н.Оюунсүрэн, Намын хорооны нарийн бичгийн дарга Дэнсмаа нартай явсан бөгөөд Н.Оюунсүрэнгийн Унгар хэлний мэдлэгээр бахархан тэр улсын урлаг, соёл, хүмүүсийн хоорондын харилцааны нарийн ширийнийг ихээхэн сонсож, хүндэтгэж байлаа. Манай инженер техникийн ажилтнуудаас Унгар улсын холбогдох байгууллагуудтай ажил төрлийн болон хувийн харилцаа холбоотой ажилладаг олон арван хүн байсан бөгөөд ерөнхий механик, энергетикийн хэлтсийн дарга Д.Лхамрагчаа, инженер Н.Оюунсүрэн, мастер Н.Баяндорж нарыг онцлон дурдаж болох юм.

БНМАУ болон БНХАУ-ын хоорондын харилцаа сайжирч, улс төрийн дулаан уур амьсгал дөнгөж бүрдэж байх тэр үед буюу 1989 онд Нэгдлийн дарга Р.Лутаа бид хоёр анх удаа Хөх хотод бүх Хятадын барилгын 1 дүгээр компанийн урилгаар ажил төрлийн холбоо тогтоохоор очсон юм. Энэ уулзалт ярилцлагаар хоёр тал Улаанбаатарт Хүүхдийн хувцасны 2 дугаар үйлдвэрийн хажууд 280 хүүхдийн цэцэрлэг барих, түүнд шаардагдах тоосго бусад материалыг Хятадаас оруулах, мэргэжлийн хятад барилгачдыг Монголд ажиллуулах, Монголоос төмрийн хаягдал нийлүүлэх, бусад бараа материалын солилцоо хийх журмаар барилгын материалын үнэ, хятад ажилчдын ажлын хөлсийг төлөхөөр тогтож хэлэлцээр хийсэн юм.

Тэр үед одоогийнхтой адил комьпютер байхгүй, крилл үсгийн бичгийн машинаас өөр доривтой бичиг хэрэгсэлийн төхөөрөмжгүй байсан тул хятад хэл дээрх ханз үсгээр бичсэн гэрээг гараараа олон хувь хуулан бичиж Монгол хэл дээрх гэрээг хортой цаас тавьж байгаад 6 хувь машинаар бичиж хоёр тал гарын үсэг зурж байсан юм. Гэрээг хятад хэл рүү орчуулах түүнийг олон хувь хуулж бичих зэрэг нүсэр ажлыг тэр үеийн “Монголын мэдээ” гэдэг хятад хэл дээр гардаг сонины ажилтан Жадамбаа, түүний эхнэр Тунгалаг нар хийж байв. Тэр хоёрын хятад хэлний мэдлэг, бичиг, найруулгын чадвар үнэхээр бишэрмээр бас даруу, төвшин, ихээхэн хариуцлагатай мэрэгжилтэнүүд байсан юм. Ингэж тавьсан зам мөрийг даган олон хүн хятадтай харилцаа холбоо тогтоож бизнес хийж эхлэсэн билээ.

Манай нэгдлийн материал хангамжийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Наст БНХАУ, Гонконгийн хэд хэдэн компанитай материал нийлүүлэх гэрээ хийсний дагуу тэр үед Монголд огт орж ирээгүй маш их эрэлт хэрэгцээтэй жинсэн материал, нарийн хилэн, цувны үрчгэр материал, цахилгаан товч, кноп зэргийг оруулж ирсэн нь бүтээгдхүүний чанарт эрс өөрчлөлт гаргаж Монголоос гадаадад явж буй хүмүүс эдгээр материалаар хийсэн бүтээгдхүүнийг ихээр авч гарч борлуулан ашиг олдог байсан юм. Мөн цэрэг цагдаагийн байгуулагын ажилтаны хувцас, сурагчдын дүрэмт хувцасны материалд эрс өөрчлөлт гаргаснаар нэгдлийн ашиг орлого ихээхэн хэмжээгээр өсч зохих хуримтлалыг бий болгосон юм.

Энэхүү ашиг хуримтлалыг үр дүнтэй ашиглах зорилгоор Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинатын дарга Мэлсчотой тохиролцож 9 давхар тус бүр нь 72 айлын 3 угсармал орон сууц барихаар тохирч эхний хөрөнгө оруулалтыг хийж, одоогийн Нарантуул худалдааны төвийн баруун талд 13 дугаар хорооллын урд хэсэгт барьж эхэлсэн боловч барилгын ажил удаашран хөрөнгө оруулалт үр ашиггүй болж ирсэн тул уул хөрөнгө оруулалтаа татаж өөр байгуулагад эрхээ шилжүүлсэн нь одоо бодоход том алдаа болжээ. Одоо тэр барилгыг 9 давхар биш бүр 10 давхар болгон барьсан байна билээ.

БНХАУ-ын Датун хотын Хөдөлмөр нийгмийн халамжийн байгуулагатай 1990 оны 10 дугаар сард гэрээ хийж, Улаанбаатар хотын 7 дугаар гуанзыг шинэчлэн тоноглож, тохижуулан Хятад зоогийн газар байгуулах ажлыг эхлүүлсэн нь Улаанбаатар хотод хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагуудын нэг болж байсан юм. Тэр үеийн Богдхангай зоогийн газрын хятадын талын удирдлагуудын хэт нэг талыг барьсан, хамт ажиллаж буй хүмүүстээ муу анхаарч зөвхөн бизнесийн ашиг хөөдөг байснаас нэр хүнд муутай байсан юм. Нөгөө талаар хотын захиргааны өмч байсан тул бид ч бас хүчлэн ажиллаж чадахгүй байснаас сүүлд хотод нь шилжүүлж өгсөн билээ.

Би Хятадын Жинин хотын арьс ширний нэг компанид хонины арьс нийлүүлэн зөөлөн савхи, шеврет болгон авах, түүний хөлсөнд нийт арьсныхаа 20 хувийг өгөх гэрээ хийж хэрэгжүүлснээр нэг үе тэр савхиар олон бүтээгдэхүүн хийж нилээд орлого олсон билээ. Мөн 1991 оны 11 дүгээр сард гадаад харилцааны ажилтан Ш.Мөнх-Очир бид хоёр Гонконг явж, гадаадын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнээ АНУ-д гаргах гарцыг судлах, хамтран ажиллах байгууллага, хүмүүсийг олох, танилцах зорилготой явсан бөгөөд 8 хоногийн хугацаанд 10 гаруй байгууллагын удирдлагатай уулзан зарим гэрээ, хэлэлцээр хийсэн билээ. Энэ нь Монгол дахь оёдлын үйлдвэр эрхлэгчид гадаадын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, захиалагчид нь АНУ-д экспортлон гаргах гарц болж чадсан юм. Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Оёдлын төв үйлдвэрийг Өмч хувьчлалын хуулиар хувьчлах шийдвэр гаргахдаа тэр үед Югослав, Японы төхөөрөмж худалдан авахаар авсан зээлийг өөрийн үйл ажиллагааны орлогоор төлж, төлсөн тэр хэмжээгээр хөрөнгөө нэмэгдүүлж, хувьцаа гарган худалдах болзолтойгоор хувьчлагдсан юм. Энэ нь бараг нэг сая ам.доллар, 90 гаруй сая төгрөгийн зээл төлөх шаардлагатай болсон.

Back To Top