• |
Оёдлын салбарт 60 шахам жил ажилласан нь

Би 1926 онд одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж өссөн,, бага насандаа мал маллаж байгаад 1944 онд нийслэлд ирж Улсын цагдан сэргийлэх газарт сэргийлэгчээр ажилд орж Засгийн газар, Монгол банкны харуул хамгаалалтын сэргийлэгчээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Улмаар 1946 оноос Усны гудамжинд байрлах 14 дүгээр артельд Аюушжавын Жүгдэржавын дагалдан оёдолчноор орж, оёдолчноор ажиллаж эхэлсэн. Оёдлын 14 дүгээр артель бусад артелиудын хамт оёдлын 1 дүгээр артельд нийлж 6 дугаар артель болсон. Би 1946-1972 онд оёдлын 14, 6 дугаар артель, Үйлдвэр хоршооллын Төв Зөвлөлийн дэргэдэх үлгэр загварын ордон, оёдлын фабрикт, 1972-1992 онд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн оёдлын төв үйлдвэр, үлгэр загварын ордонд, 1992-1995 онд Тахько (ХК) компанийн Үлгэр загварын ордон, зохион бүтээх төвд, 1995-2004 онд Тэс-Эрдэнэ компанид оёдолчноор ажиллаж, 60 шахам жил оёдлын үйлдвэрлэлтэй ажил амьдралаараа холбогдсон билээ. Оёдолчноор ажиллах хугацаанд А.Жүгдэржав, Пу Ен Чин, Пишто зэрэг Монгол, Орос, Хятад, Венгер, Болгар зэрэг олон орны багш, мэрэгжилтэнүүдээс тасралтгүй суралцан улсын төлөвлөгөөт эдийн засгийн үед даалгаж хариуцуулсан ажил, төлөвлөгөө, нормоо 170-аас доошгүй хувиар тогтмол биелүүлэн ажиллаж, Батмөнх, Өлзий, Наранцэцэг, Алтантуяа, Эрдэнэбилэг зэрэг олон арван залуучуудыг оёдолчны ажил, мэргэжилд сургаж, ажил, амьдралын замд нь оруулж байлаа. Намайг 6 дугаар артельд дайны дараа ажиллаж байхад олзлогдсон Япон цэргүүд оёдолчноор ажилладаг байсан юм. Тэд үргэлж харуул хамгаалалттай байдаг боловч бид зэрэгцээд шахуу суудаг тул хэл ус мэдэхгүй ч ойлголцож их л инээд, хөгжилтэй байдаг, бид тэдэнд идэх юм, жижиг сажиг эд юмс өгч тусалдаг, тэд бидэнд дуу дуулж, бүжиг хийж өгдөг их сайн ажилчид байлаа. Мөн Үлгэр загварын ордонд ажиллаж байхад загварын болон загвар өмсөгчид, депутатуудын хувцсыг оёдог их өндөр шаардлагатай газар байлаа, би сайд асан Паавангийн Дамдин зэрэг олон сайд дарга болон гэр бүлийн хүмүүсийнх нь хувцас оёдог байсан зэрэг тухайн үеийг дурсан санахад их сайхан байна. Тахько компанийн Үлгэр загварын ордонд олон зохион бүтээгч инженер залуучуудтай ажилласан он жилүүд надад илүү дотно сайхан байлаа. Миний ажил хөдөлмөрийг байгууллага хамт олон, яам, төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын ударник цол, 5, 6, 7, 8 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэг, Хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Бид ялав, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, бусад олон одон, медалиар шагнахын зэрэгцээ Улаанбаатар хотын АДХ-ын 67 дугаар тойргийн депутат, Үйлдвэрлэл хоршооллын 7, 8 дугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байлаа.

Хамгийн сүүлд нэмэгдсэн

Хөдөлмөр өрнөсөн он жилүүд
Видео
Түрээслэгчид